Articles Glossary

ШҮТЭЭН гэдэг үгний талаар

Posted by Bill on March 15, 2016

Хуучин Гэрээ бичигдсэн Еврей хэлнээ אֱלֹהִים (Элохийм) хэмээн бас Шинэ Гэрээ бичигдсэн Грек хэлнээ θεός (Теос) хэмээн илэрхийлэгддэг, орчлон ертөнцийг бүтээсэн, цорын ганц, шударга шүүгч, хамгийн дээд эрх мэдлийг хэн эсвэл юу гэж нэрлэх ёстой талаар Монголын Христэд итгэгчдийн дунд нэлээдгүй маргаан мэтгэлцээн гарсаар л байна.  Нэр томъёоны асуудлаас болоод зарим нь бусад итгэл нэгтнүүдээ адалж, бүр зөвхөн цорын ганц Есүс Христээр дамжин ирдэг авралыг нь хүртэл үгүйсгэн мэтгэдэг.

Магадгүй анх Есүс Христийн тухай сайн мэдээг сонссон, суралцсан сүм чуулганы үзэл баримтлалтай нь энэ холбоотой байж болох юм.  Яагаад энэ нь ийм зөрчилтэй асуудал хэвээр байгаа юм бол?

Христэд итгэх итгэл нь цоо шинээр ХХ зууны төгсгөлд Монголд орж ирсэн зүйл биш ээ.  Бүр Уйгар гүрний үед өнөөгийн Туркээр дамжин Монгол нутагт Христэд итгэх итгэл тунхаглагдаж байсан түүхэн тэмдэглэлүүд байдаг.

Тэгэхээр цорын ганц, хамгийн дээд эрх мэдэлт нэгнийг нэрлэх нэр, цол байж л таараа.  Тиймээс Монгол хэлнээ байгаа нэр, томъёонуудыг авч үзэцгээе.

Нэгдүгээрт, БУРХАН:  Бурхан гэдэг үг нь Будда гэдэг үг бөгөөд энэ үг нь Монгол оронд хэдэн зууны хэрэглээний явцад Бурхан гэдэг үг болж хувирсан хэмээн зарим хэл шинжээчид үздэг.  Буддын шашныг “Бурханы Шажин” гэж ч нэрлэдэг нь үүний нэг баталгаа ч байж болох юм.  Өнөөдөр манай нийгэмд Бурхан гэдэг үгийг аливаа тэнгэрийн оронд залардаг, ер бусын хүчит, агуу нэгнийг нэрлэх цол болгон ашиглах болсон.  Манай нийгэмд Буддын шашны нэр томъёо нийтлэг хэрэглээ болсон бөгөөд асар их нөлөөтэй байдаг.  Монголчууд бид уг хэвшмэл нэр томъёогоор ижил төстэй зүйлсийг адилтган төсөөлж, нэрлэдэг.

Хоёрдугаарт, ЕРТӨНЦИЙН ЭЗЭН:  Энэ нь хоршоо үгнээс бүтсэн нэршил юм.  Есүс Христийн талаар ямар нэг ойлголт мэдлэггүй байсан манай нийгэмд орчлон хорвоог бүтээсэн цорын ганц Эзэнийг анх танилцуулах үед Библид өгүүлэгддэг тэрхүү нэгэн нь Буддын шашны бурхдаас өөр юм шүү гэдгийг ялгаж өгөх хэрэгтэй болжээ.  Тиймээс Библийг анхлан орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэгчид нь өөр шинэ нэр томъёо бодож олох хэрэгтэй гэж үзсэн бололтой.  Улмаар ЕРТӨНЦИЙН ЭЗЭН гэдэг зохиомол нэр томъёо гарч ирсэн юм.  Шинэ нэр томъёо нь ч үүргээ гүйцэтгэж, Библид өгүүлэгддэг нэгэн нь Буддагаас өөр нэгэн юм байна гэдгийг ойлгосон.  Гэхдээ ЕРТӨНЦИЙН ЭЗЭН гэдэг үгийг задлаад авч үзье.  Монгол улсын Шинжлэх Ухааны Академиас гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд Ертөнц гэдэг үг нь нэгдүгээрт: Газар дэлхий оршин буй юмсын хамт, дэлхий, хоёрдугаарт: Сансрын хязгааргүйд орших од гариг, огторгуйн зарим хэсэг…дөрөвдүгээрт: нийгэм гэж буулгажээ.

Тэгэхээр ЕРТӨНЦИЙН ЭЗЭН гэдэг үг нь шуудхан хэлэхэд энэ дэлхийн эзэн болж таарах нь.  Гэтэл Библи дээр хэнийг энэ дэлхийн эзэн, хунтайж гэдэг билээ?

Гуравдугаарт, ШҮТЭЭН:  Энэ үг нь Монголын Христэд итгэгчдийн дунд хамгийн их ад үзэгддэг үгсийн нэг.  Тэд энэ үгийг өөр бусад шашин шүтлэгт хамаатай хөрөг, дүрс, хөшөө дурсгалын нэршил гэж үздэг.  Гэтэл Монгол хэлний тайлбар толинд: Шүтээн гэдэг үгийг, “Тахих, шүтэх, сүслэн шүтэх юм.” хэмээн тайлбарлажээ.  Шүтээн гэдэг үг нь ямар нэг шашны өмчлөлгүй, туйлын энгийн нэр томьёо бөгөөд нөгөө талдаа хамгийн аюулгүй, хоёрдмол утга санаагүй нэр болж таарах нь. 

Тиймээс Орос хэлнээ БОГ, Англи хэлнээ GOD, Франц хэлнээ DIEU гэх мэтээр гадаадын олон янзын хэлэнд байдаг Шүтэгддэг Нэгэн гэсэн утгатай нэрийг Монгол хэлнээ Шүтээн гэж ерөнхийд нь буулгавал туйлын зохистой ажээ. 

Хэрэв хэн нэг нь танаас, “Таны шүтээн юу вэ?” эсвэл “Таны шүтээн хэн бэ?” гэж асуувал та шууд л хэнийг шүтдэгээ хэлнэ.  Утга илэрхийллийн хувьд ийм хялбар Монгол үг байсаар атал өөр бусад хувирсан эсвэл зохиомол нэрсийг ашиглах шаардлага байхгүй буйзаа.