Шүтээний/Тэнгэрийн Хаанчлал A closer look at Christ's teaching on the Kingdom of God and Kingdom of Heaven

Шүтээний/Тэнгэрийн Хаанчлал

Шүтээний Хаанчлал гэдэг нь дахин төрсөн хүн бүрийн харъяалагддаг газар/байр суурь юм уу эсвэл баптизм хийлгэж улмаар Христийн бие бүрэлдэхүүнд (Түүний Чуулганд) орж байгаа дахин төрсөн хүмүүсийн харъяалагддаг газар/байр суурь юм уу гэдгийг шинжлэх зорилгоор энэ зүйл бичигдсэн болно. Эх хэлүүдээс нь хайснаар энэ асуултын хариулт олдохгүй (Христийн үеэс заагдсан Хаанчлалын талаар Шинэ Гэрээний бичвэрүүдийг судлах явцад Грек үгсийг голчлон авч үзнэ.) Грек хэлний βασιλεία гэдэг үг зүгээр л хаант улс, хаанчлал гэсэн утгатай. Энэ үгийг агуулж буй тухайн бүтэн эх нь л үүний утга, хэрэглээг бидэнд ойлгуулж өгдөг. Итгэл үнэмшлийн хүрээ болон Библийн оюутнуудын дунд байдаг нийтлэг ойлголтоос бид жинхэнэ утгыг нь олж авч чадахгүй. “Шүтээн бидэнд юу хүсдэгийг Өөрийнх нь хүүхдүүд ойлгоосой гэсэндээ Өөрийнхөө үгийг (Библийг) олон нийтэд зориулж өгсөн.” Том том их сургуулийн теологч нар ийм ойлголттой бол дээрх асуултын хариултыг танд өгч чадахгүй. Хэрэв бид зохистой хөрвүүлгийг ашиглах (үнэний үгийг зөв хуваах) хүсэлгүй аваас дээрх сэдэвтэй холбогдуулан Шүтээн ийн хэлсэн хэмээн батлаж эсвэл үгүйсгэж чадахгүй. Үүнээс гадна мөнхийн хаанчлалын талаарх сэдэв Хуучин Гэрээнд ч хөндөгдөөгүй орхигдоогүй гэж би итгэдэг. Шүтээнд Хаанчлалын ард түмэн байсан гэдэг нь Хуучин Гэрээний Египетээс Гарсан нь 19:6 дээрээс тодорхой харагддаг. “Түүнчлэн та нар надад тахилч нарын хаанчлал бас ариун үндэстэн болно. Энэ бол чиний Израйлийн хүүхдүүдэд ярих үг юм гэлээ.” Хуучин Гэрээний үеийн итгэмжтэй зарц нарын хамрагдах мөнхийн хаанчлалын талаарх ойлголт Аврахаамд ч бас байсан нь тодорхой. Еврейчүүдэд 11:8-10 “Итгэлээр Аврахаам хожим нь өв болгон хүлээн авах ёстой тэр нэгэн газар луу явахаар дуудагдах үедээ дуулгавартай байсан бөгөөд тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй, гарч явсан. Итгэлээр тэрбээр амлалтын нутагт харийн улсад адил, харь хүн мэт оршин сууж, ижил амлалтын өвлөгчид Ицхаак, Иакоов нарын хамт асруудад амьдарч байв. Учир нь бүтээгч ба барьж босгогч нь Шүтээн болсон сууриуд бүхий нэгэн хотыг тэрбээр хүсэн хүлээж байсан.” Хаанчлалын талаарх баримтыг Хуучин Гэрээнээс бид олж хардаг ч Шинэ Гэрээн дэх илэрхийллээс бага зэрэг өөр байдаг. Хуучин Гэрээний үед Шүтээн Израйльтай гэрээ байгуулсан байдаг бол харин Шинэ Гэрээний үед Өөрийнхөө Чуулгантай Шинэ Гэрээ байгуулсан байдаг. Бид энд Хуучин Гэрээн дэх Хаанчлалыг тайлбарлах гэсэнгүй. Харин Шинэ Гэрээний бичвэрүүдэд өгүүлсэн зүйлсийг ойлгохыг хичээж байна. Шүтээний үгийг зөвөөр хуваах гэдэгт сайн багш нараар заалган суралцах хэрэгтэй болно. Шинэ Гэрээнд анх Хаанчлалын сэдвийг Шүтээнээс онцгой дуудлага авсан нэгэн онцгой хүн эхлүүлсэн. Лукаас 1:17 “Мөн тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, дуулгаваргүй хүмүүсийг зөв шударгын мэргэн ухаан руу эргүүлж улмаар Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгохын тулд түүний өмнө Элийагийн сүнс ба хүч чадал дотор явна гэв.” Иоаннис Баптист бол тун энгийн бус эр бөгөөд Шинэ Гэрээн дэх Баптизмийн тушаалыг анх танилцуулж, хөтөлсөн хүн юм. Тэрбээр Баптизмийг зөвхөн гэмшин эргэсэн нь бас Машиахыг Аврагчаа болгон хүлээн авсан нь тодорхой байгаа хүмүүст хийсэн. Тэрбээр бас энэ тушаалыг Шүтээний сонгогдсон ард түмэн Израйлиас өөр хэнд ч үйлдээгүй. Эхний гэрээ (хууль) хүчин төгөлдөр байх үед энэхүү баптизм нь өгөгдсөн бөгөөд хуулийн гэрээг Христ загалмайд хадаж, цусаараа худалдан авсан Чуулган нь гүйцэт бий болох хүртэл энэхүү баптизм нь Жүүд бусчуудынх байгаагүй. Маттаиос 3:1-3 “1Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан улмаар, Та нар гэмшин эргэ. Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв. Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм.” Хаанчлал “хаяанд байна” гэдгээр энэ нь бий болох гэж байгааг илэрхийлсэн. Энэ хаанчлал нь зөвхөн “гэрээний ард түмэнд” (Израйльд) хэлэгджээ. Ард түмнийг Эзэний төлөө бэлэн болгох гэдэг нь Иоаннисын гүйцэтгэх ажил байв. Энэ нь тэгвэл юу гэсэн үг вэ? Израйльчуудыг авруулан, баптизм хийлгэж, дараа нь Есүс ирж улмаар тэдний дундаас хүмүүсийг дуудаж, үхэгсдийн орны хаалгануудад дийлдэхгүй тийм чуулганыг бий болгох учиртай байсан юм. Анхны чуулган нь Пээтрос, Маттаиос, Андреас, Сиймон, Иакоов зэрэг нийт арван хоёр төлөөлөгчөөс бүрдсэн байлаа. Иоаннис өөр олон хүнийг чуулганы төлөө бэлэн болгосон байсан ч Шүтээний Хаанчлалыг төлөөлөх уг бие бүрэлдэхүүнд эхлээд төлөөлөгч нар л оржээ. Үйлчлэлээ эхлэх үедээ олны дотроос дуудсан байсан хүмүүстээ хандан Есүсийн тунхаглаж байсан зүйл нь Иоаннисын тунхаглаж байсан зүйлээс ялгаагүй. Маттаиос 4:17 “Тэр цагаас Есүс, Гэмшин эргэгтүн. Учир нь тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглаж эхэлсэн юм.” “Хаанчлалын” тухайн сургаал Шинэ Гэрээнд маш олон байдаг. Бүтэн эхээр нь авч үзэх аваас Хаанчлал нь Дахин Төрөлтөөр олгогддог зүйл огт биш гэдэг нь ойлгомжтой. Үүнийг өөрөөр илэрхийлье. Хүн дахин төрөх үед түүнд юу юу болдог талаар Библи маш тодорхой өгүүлсэн байдаг. Тухайлбал: Шүтээний гэр бүлд төрдөг, Ариун Сүнс бидний дотор бодитоор ирж оршдог, үхэгсдээс босгогдолтод багтах баталгаа өгөгддөг, үхэгсдээс босгогдолтоор ялгуулсан биетэй болно, огт гэм хийж чаддаггүй, гэмгүй төгс бүтээл дотор маань төрдөг гэх мэтээр олон зүйлийг жагсаан бичиж болно. Харин үүн шиг автоматаар Шүтээний Хаанчлалд багтана гэдэг зүйл огт байхгүй. Есүст итгэн дахин төрсөн итгэгч болгон гэмшин эргэж, Есүсийг Аврагчаа хэмээн итгэсэн яг тэр мөчдөө автоматаар Шүтээний гэр бүлийн нэг хэсэг болдог. Харин итгэгч болгон Шүтээний Хаанчлалын хүмүүсийн нэг хэсэг болдог юм биш ээ. Итгэгч болгон Христийн бие буюу Чуулганы нэг хэсэг байдаг юм биш ээ. Аврагдсан бүх хүнээс бүрэлддэг дэлхийг хамарсан чуулган гэж байдаггүй шиг аврагдсан бүх хүнээс бүрэлддэг дэлхийг хамарсан хаанчлал, хаант улс гэж байдаггүй. Аврагдсан хүн бүр Шүтээний Хаанчлалд байдаг гэдэг нийтлэг ойлголт байдаг. Ийм ойлголтыг өөрчлөхийн тулд Шүтээний үгийг нотолгоо болгох учиртай. Хаанчлал нь аврагдсан бүх хүнээс бүрддэг эсэхийг тодорхой харуулахын тулд Шинэ Гэрээн дэх “хаанчлалын” тухай өгүүлсэн бичвэрүүдийг судалцгаая.

“Тэнгэрийн хаанчлал” ба “Шүтээний хаанчлал” гэдэг нэр томьёонууд нь Шинэ Гэрээн дэх нэр томьёонууд бөгөөд Хуучин Гэрээнд гардаггүй. “Хууль болон эш үзүүлэгч нар нь (Хуучин Гэрээ) Иоаннисийг (Баптист) хүртэл байсан...” (Лукаас 16:16) хэмээн Есүс хэлсэн байдаг. Тэр цагаас хойш Шүтээний хаанчлалын талаар тунхаглагдсаар байна. “Хаанчлал” гэдэг үг Шинэ Гэрээнд “тэнгэрийн хаанчлал” болон “Шүтээний хаанчлал” гэдэг нэр томьёогоор 150 ишлэлд 158 удаа гардаг. “Тэнгэрийн хаанчлал” гэдэг нэр томьёо Маттаиосын бичсэн сайн мэдээний 32 ишлэлд 33 удаа гардаг. “Шүтээний хаанчлал” гэдэг нэр томьёо нь 69 ишлэлд 70 удаа гардаг бөгөөд Маттаиосын бичсэн сайн мэдээний ном дахь 5 ишлэлд 5 удаа, Мааркосын бичсэн сайн мэдээний ном дахь 15 ишлэлд 15 удаа, Лукаасын бичсэн сайн мэдээний ном дахь 15 ишлэлд 15 удаа, Иоаннисын бичсэн сайн мэдээний ном дахь 2 ишлэлд 2 удаа, Үйлсээс Илчлэлт хүртэлх номнуудад 15 удаа гардаг. Хаанчлалын талаарх номлол бол Шинэ Гэрээн дэх багахан сэдэв биш гэдэг нь эндээс харагдаж байна. Ийм олон бичвэрийг ашиглах боломжтой байгаа учраас “үнэний үгийг зөвөөр хуваах” боломж байгаа нь гарцаагүй. Тухайн ишлэл нь ямар утга илэрхийлж байгааг мэдэхийн тулд бид бүтэн эхийг, контекстийг нь авч үзэх болно. Энэ сэдвээр өгүүлж буй Библи дэх номуудаас харвал Хаанчлалын тухай номлолыг таницуулагч гол хүн нь Есүс өөрөө ажээ. Энэ сэдвийг хөндөхдөө Есүс үргэлж зүйрлэл ашигладаг байсан гэдгийг бид удахгүй харах болно. Маттаиос 13:34 “34Есүс энэ бүх зүйлийг цугласан олонд зүйрлэлүүдээр ярьсан юм. Үнэндээ тэр зүйрлэлгүйгээр тэдэнд ярьдаггүй байсан нь...” Эндээс гарч буй гол асуулт нь: Есүс яагаад цугласан олонд зүйрлэлүүдээр ярьдаг байсан юм бол? Цугласан олны дотроос хэнд нь хандан ярьж байсан юм бол?

Яг энэ үед Есүс аль хэдийн арван хоёр төлөөлөгчөө дуудаад, Өөрийнхөө чуулганыг бий болгочихсон байсан. Тиймээс Тэрбээр цугласан олны дунд үгээ хэлж байсан боловч Өөрийнхөө чуулганд хандан ярьж байжээ. Тэр үед Түүний үгийг өөр бусад хүмүүс сонсож байсан нь гарцаагүй. Есүс загалмай дээр хараахан үхэж, хуулийг гүйцээгээгүй байсан учраас Тэрбээр өөрийнхөө үгийг зөвхөн Еврей хүмүүст л танилцуулж байлаа. Түүнийг дагаж байсан бөөн хүмүүс дунд аврагдаагүй Еврейчүүд, Еврейн шашны удирдагчид (Бичээчид ба Фарисачууд), магадгүй Еврейн сүмийн энгийн ажилтнууд ч (зарим аврагдсан, зарим нь аврагдаагүй байсан байх), түүнчлэн Түүний чуулган явж байсан. Тэрбээр яагаад зүйрлэлүүдээр ярьдаг байсан юм бол? Хаанчлалын талаар зааж сургахдаа Есүс үргэлж зүйрлэл ашигладаг байв. “Зүйрлэл” гэдэг үг нь шууд л “харьцуулалт” гэсэн утгатай. Ихэнхдээ зүйрлэл нь богино, энгийн түүх байдаг—гэхдээ маш гүн, сүнслэг утга агуулгатай. Есүсийн хувьд, хэлэх гэсэн зүйлээ зүйрлэлээр дамжуулан илэрхийлэх нь илүү хялбар байсан хэмээн зарим хүн үздэг. Харин Маттаиос 13 ийм ойлголтыг няцаадаг. Ярьж байгаа зүйлийг нь хүмүүс ойлгодоггүй учраас Есүс яагаад зүйрлэлүүдээр ярьдгийг шавь нар нь ч ойлгодоггүй байжээ. Тиймээс тэднийг энэ тухай асуух үед Есүс тэдэнд ийн хариулсан байдаг. Маттаиос 13:11-13 “11Тэгэхэд тэр тэдэнд хариулж, Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн харин тэдэнд өгөгдөөгүй. 12Учир нь хэнд байна түүнд өгөгдөх бөгөөд бялхсан байх болно. Харин хэнд байхгүй байна байгаа нь хүртэл түүнээс авагдана. 13Тийм учраас би тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм. Яагаад гэвэл тэд харж байгаа ч хардаггүй. Мөн сонсож байгаа ч сонсдоггүй, ойлгодог ч үгүй.” “Шүтээний хаанчлалын “нууцуудыг” тэд мэдээсэй гэж би хүсэхгүй байгаа учраас зүйрлэлүүдээр ярьдаг” хэмээн Есүс хэлж байна. Үүнийг бид юу гэж ойлгох вэ? Есүс Еврейчүүдийг аврагдаасай гэж хүсдэггүй гэсэн үг үү? Хэрэв хүн шинээр төрөх үедээ л үүний нэг хэсэг болчихдог юм бол Есүс яагаад үүнийг тэднээс нуух гэж? 2 Пээтрос 3:9 “9Эзэн амлалтаа зарим хүний хойш тавилтыг авч үздэг шигээр хойшлуулсан юм биш, харин хэнийг ч сүйрээсэй гэж хүсэлгүй харин ч бүгдийг гэмшин эргэлт рүү ирээсэй гэсэндээ бидэнд тэвчээртэй хандаж байна.” гэсэн байдаг. Шүтээний хаанчлалын талаарх уг зүйрлэлүүд нь хүн дахин төрөх гэдгээс өөр зүйлийн талаар өгүүлээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөр нэг бүлэг Еврейчүүд Есүстэй ярилцах үедээ үйлдэж байгаа бүхнээ хийж үйлдэх эрх мэдлийг хэнээс, хаанаас авсан болохыг нь Түүнээс асууж шаардсан. Тэр үед Есүс хариуд нь тэдэнд Иоаннис Баптистын талаар сануулж, яагаад Шүтээний тэднээр хийлгэхийг хүсэж байсан зүйлийг эсэргүүцсэнийг нь асуудаг. Тэрбээр тэдэнд аврагдсан байх талаар бус харин Эзэний төлөөх үйлчлэлд орох тухай ярьжээ. Маттаиос 21:25-27 “25Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. 26Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв. 27Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй.” Одоо “хаанчлалын зүйрлэлүүдийн” заримаас авч үзээд, юуны талаар өгүүлж байгааг нь ойлгохыг оролдоцгооё.

Маттаиос номын арван гуравдугаар бүлгийг харцгаая. Хөрвүүлж ойлгоход ашиглагдах дараах дүрмийг бодолцоорой. Нэгдүгээрт, Хэн ярьж байна? Хариулт нь, Есүс. Хоёрт, Хэнд хандан ярьж байна? Маттаиос 13:2-3 “2Тэгтэл маш олон хүн түүн рүү цуглав. Тиймээс тэрбээр нэгэн завь руу орж суулаа. Тэгэхэд нь цугласан олон бүгдээрээ эрэг дээр зогсов. 3Тэгээд тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр ярьж тэдэнд, Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ.” Хариулт нь, цугласан байсан, асар олон хүн. Тэр үед чуулган нь Түүнтэй хамт байсан гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл тэд дараа нь яагаад ийм байдлаар заадгийг нь Түүнээс асуусан байдаг. Зөвхөн Израйльчууд руу очиж, зааж сургах ёстой хэмээн Есүс шавь нартаа зааварчилсан учраас цугласан олон гэдэг нь дан Еврейчүүд гэдэг нь ойлгомжтой. Маттаиос 10:5-7 “5Есүс энэ арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ, Жүүд бусчуудын зам руу бүү яв. Мөн Самареиачуудын хот руу бүү ор. 6Харин Израйлийн гэр бүлийн алдагдсан хонь руу явах нь дээр. 7Тэгээд явах зуураа, Тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглагтун.” Хөрвүүлж ойлгоход ашиглагддаг гурав дахь асуулт бол, Тэр юуны тухай ярьж байна вэ? Үүний хариулт, Үр цацагчийн тухай “хаанчлалын зүйрлэлийг” Есүс өгч байна. Гэхдээ хариулт нь угтаа бол нилээд ярвигтай. Ярьж байгаа зүйлийг нь Түүний чуулган (Төлөөлөгч нар) ойлгож чадахгүй байсан учраас өөрсдөө Түүн рүү очиж асуудаг. Зүйрлэлүүдийн талаар Есүсийн өгүүлж байгаа зүйлд анхаараарай. Уг зүйрлэл нь Шүтээний Хаанчлалын нууцыг илэрхийлж байгаа бөгөөд үүнийг ойлгох ёстой нь чуулган (анхны чуулган буюу Төлөөлөгч нар) байсан юм. Зүйрлэлийг сонссон бөөн хүмүүс нь Еврейчүүд байсан. Тэд аврагдсан эсвэл аврагдаагүй байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Гэхдээ тэд аврагдаагүй хүмүүс байсан байх магадлалтай. Есүс тэднийд тухайд: “Тийм учраас би тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм. Яагаад гэвэл тэд харж байгаа ч хардаггүй. Мөн сонсож байгаа ч сонсдоггүй, ойлгодог ч үгүй.” гэсэн. Хэрэв Шүтээний хаанчлалын тухай өгүүлсэн зүйл нь хүний дахин төрөлтийн талаар өгүүлж байсан бол Есүс “Хэрхэн дахин төрөх талаар хүн бүр мэдээсэй гэж би хүсэхгүй байна” гэж хэлсэн хэрэг болно. Энэ нь, Шүтээн энэ дэлхийг хэчнээн их хайрладаг тухай, түүнчлэн Тэрбээр эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшидгүй бүгдийг авралд хүргэдэг, Хүүгийнх нь талаарх мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг хэмээн Библид өгүүлдэг болгон үгүйсгэгдэнэ. Тиймээс хоёр ба гуравдугаар асуултын хариулт нь, Тэрбээр Өөрийнхөө чуулганд Шүтээний хаанчлалын нууцуудын талаар ярьж байна гэдэг хариулт байх болно. Үгийг зөв хуваахад тавигдах дөрөв дэх асуулт бол, Яагаад ийм зүйл яригдсан бэ? гэдэг асуулт. Үүнд өгөх хариулт нь давхар агуулгатай. Нэгдүгээрт, шавь нарынх нь (чуулганы) тавьж буй асуулт. “Та яагаад тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм бэ?” Хоёрдугаарт, үр (Шүтээний Үг) таригчийн талаарх зүйрлэл. Шүтээний үг номлогдох үед зарим хүн үүнээс татгалзана, зарим нь хүлээж авна гэдгийг бас үгээс янз бүрийн байдлаар татгалзана гэдгийг энд харуулж байна. Үр цацах нь чуулганы буюу бидний хийх ёстой ажил гэдгийг ч Шүтээн заан сургаж байна. Ямар үр дүн гаргах нь Шүтээний хэрэг аж. Тиймээс сайн зүтгээд амжилт гаргасангүй гэж бид урам хугарах хэрэггүй. Хөрвүүлж ойлгоход тавигдах сүүлчийн асуулт бол, Тэрбээр энэ зүйлийг хэдийд ярьсан бэ? гэдэг асуулт. Гэмийн төлөөсийг бүрэн гүйцээхээсээ өмнө Тэрбээр үүнийг ярьсан. Өөрөө хэлбэл, загалмайнаас өмнө гэсэн үг. Тиймээс Тэр өөрөө ч бас Түүний чуулган нь ч хуулийн гэрээний доор хөдөлмөрлөсөөр байсан. Есүсийн зааж байсан зүйлс нь зөвхөн Еврейчүүдэд зориулагдсан бөгөөд Түүнийг загалмайд хадагдах хүртэл чуулган нь хуулийн доор үйлчилсээр байлаа. Эндээс ямар дүгнэлт гарах вэ? Шүтээний хаанчлалын сэдэв нь Дахин Төрөх талаар өгүүлж байгаа юм бол, хэсэгхэн сонгогдсон хүмүүс л энэ зүйрлэлийг ойлгох бөгөөд ингэснээр аврал бүх хүнд зориулагдсан юм биш гэсэн үг болно. Шүтээний Хаанчлалын хүмүүс (Түүний Засгийн Газар) нь Түүний чуулган мөн гэдгийг дээрх зүйрлэл харуулж байна. Мөн энэхүү зүйрлэл нь Түүний чуулганд зориулсан үйл ажиллагааны явцын талаар өгүүлжээ.

Харин одоо өөр бусад зүйрлэлийг харъя. Тэгвэл бид Шүтээний/Тэнгэрийн Хаанчлалын дүр зургийг илүү тод ялган харах болно.

Маттаиос 18:23-35 “23Тийм учраас тэнгэрийн хаанчлал бол боолуудаасаа өчиг авах нэгэн хаантай адилтгагдана. 24Тэгээд түүнийг өчиг авч эхлэхэд арван мянган талантын өртэй байсан нэгнийг түүн рүү авчирлаа. 25Гэтэл түүнд төлөх юм байгаагүй тул тэр мөн эхнэр, хүүхдүүд нь бас байгаа бүхэн нь худалдагдаж, төлбөр хийгдсэн байхыг эзэн нь тушаажээ. 26Тийм учраас тэр боол газар унаж, түүнд мөргөн, Эзэн, намайг хүлцээч. Би танд бүгдийг нь төлье гэв. 27Тэгтэл тэр боолын эзэнд өрөвдөх сэтгэл төрж, түүнийг суллаад, түүнд өрийг нь хэлтрүүлжээ. 28Харин мөнөөх боол явж, хамт ажилладаг боолуудаасаа өөрт нь зуун мөнгөн зоосны өртэй нэгнийг олов. Тэгээд түүнийг барьж аван багалзуурдаад, Надад төлөх зүйлээ төл гэлээ. 29Тэгтэл хамт ажилладаг боол нь түүний хөлд унан, түүнээс хичээнгүйлэн гуйж, Намайг хүлцээч. Тэгээд би чамд бүгдийг нь төлье гэв. 30Гэвч тэр хүссэнгүй. Харин явж, түүнийг өрөө төлтөл нь шоронд хийлээ. 31Тэгэхэд хамт ажилладаг боолууд нь юу болсныг хараад, ихэд харамсан, эзэн рүүгээ очиж, болсон бүгдийг хэлжээ. 32Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад, дараа нь түүнд, Хорон муу боол оо, чамайг надаас гуйсан учраас тэр бүх өрийг чинь би хэлтрүүлсэн. 33Би чамайг өрөвдсөн шиг чи ч бас хамт ажилладаг боолоо өрөвдөх ёстой бус уу? 34Тэгээд хилэгнэсэн эзэн нь өөрт нь төлөх ёстой байсан бүхнийг төлтөл түүнийг тарчлаагч нарт тушаажээ. 35Та нарын нэг бүр чинь ах дүүгийнхээ зөрчлүүдийг зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол тэнгэрийн Эцэг минь ч бас та нарт яг үүнчлэн үйлдэнэ гэлээ.” Энд тэнгэрийн хаанчлалыг нэгэн хаанаар илэрхийлжээ. Тэрбээр өөрт нь өртэй байсан хүнд сайнаар хандав. Гэтэл нөгөө эр нь буцаж очоод, өөрт нь өртэй байсан хүнд муугаар ханджээ. Эндээс ямар сургаал заагдаж байна вэ? Сайн ба муу үйлсүүдийн үр дүнгийн талаар заан сургаж байна. Сайн үйлс хийгээгүй мөнөөх эр тарчлаагч нарт тушаагдсан. Бидний өмнө нь дүгнэн ярилцсанчлан, аврал бол бидний үйлддэг зөв байдлын үйлсүүдээр өгөгддөг зүйл биш. Нэгэнтээ хүн аврагдсан л бол мөнхийн амьдралыг гарцаагүй хүлээн авах бөгөөд тухайн хүн хэчнээн адгийн хүн болж эргэсэн ч Шүтээн өгсөн авралаа буцааж авахгүй. Хэрэв энэхүү зүйрлэл дэх зүйлс нь дахин төрөх тухай өгүүлж байгаа юм Библи дотроо олон зүйл дээр зөрчилдөнө. Гэтэл Библи хэзээ ч өөрөө өөртэйгөө зөрчилддөггүй гэдгийг бид баттай мэддэг. Хэрэв бид энэ зүйрлэлийг Есүсийн чуулгандаа хандан ярьсан “чуулганы гишүүдийнхээ дээрх эрх мэдэлтэй” холбон тайлбарлавал энэ нь тун ойлгомжтой санагдана. Маттаиос 16:18-19 “18Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй. 19Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ.” Чуулганых нь суурь бол Есүс Өөрөө мөн гэдгийг тэрбээр энэ ишлэлүүдээр дамжуулан тодорхой хэлж байна. Энэ дэлхий дээр өөр ямар ч суурь Түүний чуулганыг дээр нь барьж босгоход хангалттай байж чадахгүй. Бид бол энэхүү Хад буюу Есүс дээр өрөгдөж байгаа жижиг чулуунууд юм байна гэдгээ дагалдагч нар ойлгожээ. Есүс чуулганыхаа бүтэц ба засаглалын эрх мэдлийг маш ойлгомжтой харуулж байна. Есүс Христ гэдэг тэргүүний доор ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгээ ойлгох нь шавь нарын хувьд маш чухал байсан. Тэрбээр тэдэнд тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг толилуулж байна. Шүтээний хаанчлалын дээрх эрх мэдэл олгогдож байгаа нь ямар агуу нэр хүндийн хэрэг, аз завшаан бэ? Дэлхийн хамгийн баян хүн бидэнд өөрийнхөө орд харшийн түлхүүрүүдийг өгөөд, гэрт нь орж, хүссэн зүйлээ хийх эрх мэдлийг өгөх аваас бид үүнийг Есүсийн чуулгандаа өгч буй зүйлтэй зүйрлэж болох юм. “Тайлах” бас “уях” гэдэг нь юу гэсэн утгатай юм бол? Ямар нэг зүйлийг эсвэл хэн нэгнийг уях гэдэг нь, тухайн зүйлийг ямар нэг зүйлээс уяж зангидах, ямар нэг зүйлийг өөр зүйлд уяа утас олон давхар тойруулан ороож, чанга зангидах гэсэн утгатай.

Ямар нэг зүйлийг эсвэл хэн нэгнийг “тайлах” эрх мэдэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, залгаатай, холбоотой зүйлээс нь суллаж тавих, хүлэгдсэн, хориглогдсон зүйлээс чөлөөлөх, хориглогдоогүй гэсэн утгатай. Тэгвэл тэнгэрийн хаанчлал гэдэг нь хэн нэгний аврагдсаныхаа дараа эзлэх байр суурь юм бол “тайлах”, “уях” гэдэг ойлголт яаж энд хэрэгжих вэ? Хэн нэгнийг Дахин Төрөлт рүү уях эсвэл тайлах эрх мэдлийг Есүс чуулганд өгсөн гэж үү? Чуулган хүнийг авардаг уу эсвэл Өөрт нь итгэснээ илэрхийлж буй хүнийг Есүс авардаг уу? Хүн Есүсийг Аврагчаа болгон нэгэнтээ хүлээгээд авчихсан л бол тэр байр сууринаас нь хэн нэгэн зайлуулж чадах уу? Нэг л аврагдчихсан бол үргэлж авралтайгаа байна. Хэрэв тэнгэрийн хаанчлал нь аврагдсан хүмүүст энэ дэлхий дээрх хаанчлалд багтаж, Есүсийг өөрсдийнхөө Хаан байлгаж, Түүний хаанчлалын хуулиудад захирагдах боломж олгож байдаг юм бол оруулах эсвэл хасах дүрэм байх гэдэг нь зүйн хэрэг. Маттаиос 16:19 дээр Есүс хаанчлалынхаа хүмүүст (чуулганд) хэн нэгнийг уг биед гишүүнээр хүлээн авах (Шүтээний тушаасан баптизмд бас Түүнд өргөх үйлчлэлийн газарт дуулгавартай байхыг хүсэж буй аврагдсан хүнд чуулганы хаалгыг нээж өгөх түлхүүр) эрх мэдлийг олгож байна. Хэн нэгнийг чуулганы гишүүнчлэлд хүлээн авахын тулд яагаад заавал ийм үйлдэл хийж бас дараа нь үүний төлөө санал хураадаг юм бэ? гэж хүмүүс биднээс байнга асуудаг. Ихэнх чуулган шинэ гишүүдээ ийм байдлаар хүлээж авдаггүй гэдэг. Хэн нэгнийг Өөрийнх нь Биед (Түүний Хаанчлалд) “уях” эрх мэдлийг Христ Өөрийнхөө чуулганд өгсөн бөгөөд яг үүнийг л бид хэрэгжүүлдэг. Хааны болон Түүний Хаанчлалын хуулийн эсрэг алхагч хэнийг ч бай зайлуулах эрх мэдлийг (түлхүүрийг) Тэрбээр чуулгандаа олгосон. 1 Кооринтосчуудад 5:4-5 “4Та нарыг цугларах үед миний сүнс ч бас байж, бидний Эзэн Есүс Христийн нэрээр, бидний Эзэн Есүс Христийн хүч чадлаар 5ийм нэгнийг махбодын сүйрлийн төлөө Сатаанд тушаацгаая. Энэ нь Эзэн Есүсийн өдөрт сүнс нь аврагдаж болохын тулд юм.” Маттаиос 18 дээр гарч байгаатай адил аашилж байгаа чуулган доторх хүмүүст бид яаж хандах ёстой вэ гэдгийг Библид чуулганы засаглал болгон маш тодорхой бичсэн байдаг. Бидэнд өгсөн Агуу Даалгавар Маттаиос 28:18-20 дээр бичээтэй байдаг. “18Тэгтэл Есүс ирээд тэдэнд хэлэхдээ, Бүх эрх мэдэл надад тэнгэр дээр бас газар дээр өгөгдсөн. 19Тиймээс та нар явж, бүх үндэстэнг шавь болгоод, тэдэнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хий. 20Миний та нарт тушаасан юу ч бай бүгдийг сахихыг тэдэнд зааж сурга. Тэгээд ажигтун, би та нартай үргэлж, бүр ертөнцийн төгсгөл хүртэл хамт байна гэлээ. Аминь.” Энэ бол бидэнд өгөгдсөн Шүтээн чуулганы үйл ажиллагаа захирамж тушаал. “Миний та нарт тушаасан юу ч бай бүгдийг сахихыг тэдэнд зааж сурга.” хэмээн чуулгандаа зааварчилсан тэр зүйлс нь юу вэ? Есүсийн чуулгандаа заасан зүйлсийн олонх нь зүйрлэл байсан гээд бодохоор тэр зүйрлэлүүдээр заагдаж байгаа сургаал нь Түүний чуулган доторх аврагдаж, баптизм хийлгээд, Түүнтэй харилцаатай байгаа хүмүүст хэчнээн чухал юм бэ? гэдэг нь ойлгомжтой. Есүс чуулганаасаа л яруу алдрыг хүлээн авдаг. Бүгдээрээ өөр хэдэн зүйрлэлийг авч үзье. Хүмүүс дахин төрөхдөө Шүтээний Хаанчлал руу автоматаар ордог уу?

Маттаиос 13:33-35 “33Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд, Тэнгэрийн хаанчлал нь исгэдэг хөрөнгөтэй адил юм. Үүнийг нэгэн эмэгтэй аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучжээ гэж ярилаа. 34Есүс энэ бүх зүйлийг цугласан олонд зүйрлэлүүдээр ярьсан юм. Үнэндээ тэр зүйрлэлгүйгээр тэдэнд ярьдаггүй байсан нь, 35эш үзүүлэгчээр, Би зүйрлэлүүдээр амаа нээнэ. Дэлхийн сууриас хойш нууц байсан зүйлсийг би өгүүлэх болно хэмээн хэлэгдсэн үг биелэгдэхийн тулд байжээ.”

Хаанчлалын тухай энэхүү зүйрлэл нь уг хаанчлал хэмжээний хувьд хэр зэрэг агуу болж өсөх тухай өгүүлж байгаа бөгөөд бас энэ нь Хуучин Гэрээний үеийн ариун хүмүүсээс нууцлагдсан байсныг харуулж байна. Тэгвэл авралын тухай сайн мэдээ нь дэлхийн сууриас хойш нууцлагдсан байсан уу? Аврал Адаам, Хавваа хоёроос, Мошээ, Ахароон нараас, Аврахаам, Сараа нараас эсвэл Израйлийн арван хоёр овгоос нууцлагдсан байсан уу? Машиах айсуй гэдэг бат найдвараар л Хуучин Гэрээний үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөвгүүд охид аврагддаг байсан. Жүүд бусчуудыг Шүтээн Өөрийнхөө сонгосон ард түмний нэг хэсэг, тэр ч байтугай Израйлийн дээрх шүүчид болгоно гэдэг нь хаанчлалын талаарх тэрхүү “нууц” нь юм. Лукаас 22:29-30 “29Миний Эцэг надад хаанчлалыг оноосон шиг би ч бас та нарт оноож байгаа нь 30та нар миний хаанчлалд миний ширээнд идэж бас ууж мөн Израйлийн арван хоёр овгийг шүүн, хаан суудлуудад суухын тулд юм гэлээ.”

Маттаиос 13:44-46 “44Дахиад, тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ адил. Үүнийг нэг хүн олоод нууна. Тэгээд энэ баяр хөөрийнхөө улмаас явж, байгаа бүхнээ зараад, мөнөөх талбайг худалдаж авна. 45Дахиад, тэнгэрийн хаанчлал бол сайн сувднууд хайж буй нэгэн худалдаачин эртэй адил юм. 46Тэрбээр их үнэтэй нэг сувд олоод явж, байгаа бүхнээ заран, үүнийг худалдаж авчээ.”

Тал дахь эрдэнэ, үнэтэй сувд зэрэг нь аврагдсан бүх хүнийг хэлж байгаа хэмээн хэн нэг нь хэлж магад. Гэтэл Есүс энэ зүйрлэлийг Өөрийнхөө дуудагдсан цуглаанд (Түүний чуулган) ярьсан. Тэрхүү худалдаачин нь Есүс, тэр Сувд нь Түүний чуулган юм. Тэрбээр үүнийг худалдаж авахын тулд Өөрт байсан бүхнээ зарсан. Үйлс 20:28 “28Тийм учраас та нар өөрсдөдөө мөн Ариун Сүнс та нарыг дээр нь харгалзагч болгосон бүх сүрэгт, тэр өөрийнхөө цусаар худалдаж авсан Шүтээний чуулганыг тэжээхэд анхаарал тавь.”

Маттаиос 13:47-50 “47Дахиад, тэнгэрийн хаанчлал бол тэнгист хаягдаад, төрөл зүйл бүрээс цуглуулсан тортой адил юм. 48Үүнийг дүүрэхэд тэд эрэг рүү татаж гаргана. Тэгээд сууцгааж, сайныг нь савнуудад цуглуулаад харин мууг нь цааш хаяна. 49Дэлхийн төгсгөлд яг үүнчлэн болно. Элч нар ирж, зөв шударга хүмүүс дундаас хорон мууг тусгаарлан 50улмаар тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.” Энэ бичвэрүүд дэх муу гэж илэрхийлэгдсэн зүйл нь Аврагдаагүй хүмүүсийг хэлж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Тэд Есүсийг өөрсдийнхөө Аврагч болгон хүлээж аваагүй учраас галан Нууранд мөнхөд шатаагдахаар хаягдсан. Есүс энэ зүйрлэлээр дамжуулан энэ дэлхий дээрх аврагдсан болон аврагдаагүй хүмүүсийн талаар Өөрийнхөө чуулганд сургаал зааж байна. Өөрсдийнх нь эргэн тойронд буй бүхэнд юу тохиолдох тухай мэдээллийг Есүс ийм байдлаар чуулгандаа өгчээ.

Маттаиос 13:38 “38Харин талбай бол дэлхий. Сайн үр нь хаанчлалын хүүхдүүд харин хуурамч буудай нь хорон муу тэр нэгний хүүхдүүд юм.” Чуулган сайн мэдээг тунхагласнаас гарах үр дүн нь ямар байхыг Есүс энэ зүйрлэлээр илэрхийлж байгаа бөгөөд үр тарих үедээ сэтгэлээр унаж, гутрахгүй байхыг тэдэнд уриалж байна. Энэ нь нэг талаасаа үр цацагчийн тухай зүйрлэлтэй адилхан. Даян дэлхий бол Шүтээний нутаг дэвсгэр боловч зөвхөн Түүний чуулган л Хаанчлалынх нь засаглалыг төлөөлдөг. Зөвхөн чуулган нь л Хаанчлалын Хаан гэдгээр нь Түүнд хүндэтгэл үзүүлдэг. Зөвхөн чуулган л түүний Хаанчлалын хуулиудын субьект болдог. Чуулганы дуулгавартайгаар дагадаг хоёр гол захирамж (хууль) байдаг. Баптизм ба Эзэний Зоог. Хэдийгээр энэ дэлхийд аврагдсан маш олон хүн Шүтээнийг хүлээн зөвшөөрч, Библи дэх сургаалуудыг дагах гэж хичээдэг боловч зөвхөн чуулган л Түүнийг Эзэн ба Хаан гэдгээр нь, түүнчлэн Түүний үгийг Туйлын Дээд хэмээн хүлээн авдаг. Шүтээнд Хаан хэмээн мөргөдөг хүмүүсийн хувьд дуулгавартай байдал гол шалгуур нь мөн.

Маттаиос 18:1-6 “1Тэр үед шавь нар Есүс дээр ирээд, Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь вэ? гэлээ. 2Тэгэхэд Есүс нэгэн бяцхан хүүхдийг өөр лүүгээ дуудан, түүнийг тэдний дунд зогсоогоод 3улмаар хэлэхдээ, Үнэхээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, бяцхан хүүхэд адил болохгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохгүй. 4Тийм учраас энэ бяцхан хүүхэд адил өөрийгөө даруу болгох хэн ч бай тэрбээр тэнгэрийн хаанчлалд илүү агуу нь. 5Мөн ийм бяцхан хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. 6Харин надад итгэдэг эдгээр багачуудын нэгийг нь бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд тээрмийн чулууг хүзүүндээ зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.” Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь байхыг хүссэн хүн юу хийх ёстой вэ хэмээн Түүний шавь нар (чуулган) асууж байна. Шавь нар нь мэдээж аль хэдийн аврагдсан, баптизм хийлгэсэн хүмүүс байсан бөгөөд Түүний чуулган тэднээс бүрдэж байсан. Хаанчлал руу орохын тулд яаж аврагдах вэ гэж тэд Есүсээс асуугаагүй нь ойлгомжтой. Харин тэд хаанчлал дотор яаж хамгийн агуу нь байх вэ гэж асуусан. Хүн өөрийгөө даруу болгосноор шинээр төрдөггүй. Хүн бардам байхдаа хэзээ ч гэмшин эргэхийн тулд өөрийгөө даруу болгоно гэж байдаггүй. Хүүхдүүдэд таагүй хандсан хүмүүст ямар зүйл тохиолдох вэ гэдгийг илэрхийлэхдээ Есүс хүүхдүүдийн даруу байхуйн талаар ч бас ярьж байна. Есүс үүнийг Өөрийнхөө чуулганд хандан ярьж байгаа учраас Тэрбээр Өөрт нь үйлчилж байгаа хүмүүсийг ч бас даруу байдалд байх ёстойг хэлсэн. Хүн хүүхдэд элэгсэг сайн хандсанаар аврагддаггүй эсвэл хүүхдэд муу хандсан гээд там руу хаягддаггүй.

Маттаиос 19:12 “12Учир нь эхийн хэвлийгээс тайганаараа төрсөн хүмүүс байдаг. Бас хүмүүнээр тайган болгуулсан тайганчууд бий. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайганчууд байдаг. Хүлээн авах чадвартай нь үүнийг хүлээн аваг гэв.” Эзэнийг өөрсдийнхөө Аврагч болгохоор ирж байгаа хүмүүсийн тоонд нөлөөлөлж болохуйц нэгэн зүйл энд байна. Хаанчлалд орохын тулд заавал Тайган болох шаардлагатай юм уу? Тайган гэдэг үгийн тайлбар: агтлуулсан буюу төмсгөө таслуулсан хүн. Бүр эрт үеэс л Ойрхи Дорнод болон Хятадад хаадын ордон, өргөөн дэх татвар эм болон эмэгтэйчүүдийн хамгаалагч, зарц нараар тайган хүмүүсийг сонгон ажиллуулдаг байжээ. Есүс энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ үед өөрийг нь сонсдог байсан хүмүүс цочирдмоор зарим нэг сургаалыг заасан. Тэр өөрийг нь дагаж байгаа хүмүүст дандаа л чихийг нь гижигдсэн сайхан түүхүүд заагаад байсангүй. Түүний сургаал чуулганд нь зориулагдсан байдаг тул Агуу тушаал дахь зүйлс нь ч бас тэдэнд хандан хэлэгджээ. Зааж сургаж байгаа зүйлсийг нь баримтлах гэдэгт шавь нараа баттай болгохын тулд Тэрбээр ийм сургаалуудыг заадаг байсан. Тэгээд дээрх ишлэлийн төгсгөлд Есүс тэдэнд хүлээн авахад хүнд нэгэн зүйлийг ойлгуулж байна. Надад илүүтэй үйлчлэхийн тулд бие махбодоо ч үл хайрлан үйлчлэх хүмүүс байх болно гэдгийг илэрхийлсэн. Ийм ишлэлүүдэд өгүүлж байгаа зүйлсийг ажиглах юм бол хаанчлал гэдэг нь дахин төрөх гэдгээс хамаагүй илүү гүн гүнзгий зүйл болох нь харагдаж байна. Ийм хатуу зүйлсийг сонсчихоод зарим хүн Есүсийг орхин явсан.

Эртний хаадад өргөөнийх нь эмэгтэйчүүд болон өргөөн доторх нарийн эмзэг асуудлуудыг нь хамгаалж сахих эрчүүд байсан бөгөөд тэд нар нь тайган байдаг байжээ. Эмэгтэй хүнийг хараад сэрэл, сэтгэл нь хөдөлдөггүй байх үүднээс тэд нар нь агтлагдсан байх хэрэгтэй болдог байв. Маттаиос 19 дээр Есүсийн өгүүлж байгаа хүмүүс нь Шүтээний хаанчлал дотор Түүнд үнэхээрийн итгэмжтэй байхын тулд ийн тайган байх хүсэлтэй хүмүүс ажээ. Түүхийн туршид маш олон хүн бэлгийн дур хүслээсээ болоод хаанчлал доторх байр сууриа алдаж, бас өөрсдийнхөө итгэлийг, үйлчлэлүүдийг алдсан байдаг. Хаанчлалын талаарх Есүсийн энэхүү сургаал нь адилтгал зүйрлэл бус харин шууд тайган хүний талаар өгүүлжээ. Зарим хүн хаанчлалын өргөжин тэлэлтийн төлөө өөрсдийгөө бүрмөсөн зориулж, Христ болон тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө махбодийн хувьд өргөнө гэдгийг Есүс энд хэлж байна. Энэ сургаал туйлын гайхмаар бөгөөд энэ нь зөвхөн аврагдахын төлөөх үйлдэл гэж үзэх боломжгүй.

Маттаиос 19:23-30 “23Тэгэхэд Есүс шавь нартаа, Үнэхээр би та нарт хэлье. Яагаад гэвэл баян хүн тэнгэрийн хаанчлалд хэцүү орно. 24Харин би та нарт дахин хэлье. Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэлээ. 25Шавь нар нь үүнийг сонсоод, маш ихээр гайхан, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлцэв. 26Гэтэл Есүс тэдэн рүү хараад тэдэнд, Энэ нь хүмүүнээр боломжгүй. Харин Шүтээнээр бүх зүйл боломжтой гэлээ. 27Тэгтэл Пээтрос хариулан, түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан. Тиймээс бид юутай болох вэ? гэв. 28Тэгэхэд Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Учир нь дахин сэргээлтэнд Хүмүүний Хүү сүр жавхааныхаа хаан суудалд суух үед намайг дагасан та нар бас арван хоёр хаан суудалд сууж, Израйлийн арван хоёр овгийг шүүнэ. 29Түүнчлэн миний нэрийн төлөө орон гэр эсвэл ах дүү эсвэл эгч дүү эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхдүүд эсвэл өөрийн газрыг орхисон хүн бүр зуу дахинг хүлээн авч мөн мөнхийн амьдралыг өвлөнө. 30Харин эхэнд байгаа олон нь сүүлд мөн сүүлд байгаа нь эхэнд байх болно гэлээ.” Шалгуурт нь нийцэхэд үнэхээр хэцүү гэдэг ойлголтоор хаанчлалыг дахин авч үзье. Баян байх нь үүнд саадтай ажээ. Аврал бол тун энгийн бөгөөд баян хүн ч үүнийг амархан хүлээн авч чадна. Харин хүн аврагдсаныхаа дараа Шүтээнд үйлчлэх гэдэг нь маш хэцүү ажээ. Дахин төрөхөд мөнгөтэй байх ч эсвэл ядуу байх ч шаардлагагүй. Шүтээний хаанчлалтай холбоотой зүйлсийг унших үед байнга ажиглагддаг нэг зүйл байдаг. Тэр нь бидний үүний төлөө ажиллах зүтгэх, шаардлагатай гэдэг зүйл юм.

Маттаиос 20:1-16 “1Учир нь тэнгэрийн хаанчлал бол усан үзмийн талбайдаа ажилчид хөлслөхөөр өглөө эрт явсан гэрийн эзэн эртэй адил юм. 2Тэгээд тэр өдрийн нэг динаарионоор ажилчидтай тохиролцоод, тэднийг усан үзмийн талбай руугаа явууллаа. 3Мөн гурав дахь цагийн үед тэр гадагш гарч, зээл дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг харав. 4Тэгээд тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Би та нарт шударга байх юуг ч бай өгнө гэлээ. Тэгэхэд тэд явжээ. 5Зургаа болон ес дэх цагийн үед тэр дахин гадагш гарч, үүнтэй адил үйлдэв. 6Тэгээд арван нэг дэх цагийн үед тэр гадагш гарч, ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг олоод тэдэнд, Та нар яагаад өдөржин ажилгүй энд зогсоно вэ? гэжээ. 7Тэд түүнд, Яагаад гэвэл хэн ч биднийг хөлслөөгүй гэв. Тэр тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Тэгээд та нар шударга байх юуг ч бай хүлээн авна гэлээ. 8Тийнхүү үдэш болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа, Ажилчдыг дууд. Тэгээд сүүлчээс нь эхлээд эхэн рүү нь хөлсийг нь өг гэв. 9Ингээд арван нэг дэх цагийн үед хөлслөгдсөн хүмүүс ирээд, хүн бүр нэг мөнгөн зоос хүлээн авчээ. 10Харин эхний хүмүүс нь ирэхдээ илүүг хүлээн авах ёстой гэж бодов. Гэтэл тэд тус бүр нэг мөнгөн зоос адилхан хүлээн авлаа. 11Тэгээд тэд хүлээн авчихаад, гэрийн эзний эсрэг гомдоллож, 12Сүүлчийн энэ хүмүүс ганц цаг ажилласан. Гэтэл өдрийн хүнд болон халууныг үүрсэн биднийг та, тэдэнтэй адил болголоо гэжээ. 13Харин тэр тэдний нэгэнд нь хариулж, Нөхөр минь, би чамд шударга бус хандаагүй. Чи надтай нэг мөнгөн зоосоор тохиролцсон биш үү? 14Өөрийнхийгөө аваад, замаараа яв. Би чамд өгсөнтэй адилыг энэ сүүлчийн хүнд өгнө. 15Би өөрийнхөө юмаар юу хүссэнээ хийх нь надад хуульд нийцтэй биш үү? Би сайн байгаа учраас чиний нүд хорон байна уу? 16Үүнчлэн сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх байх болно. Учир нь дуудагдсан нь олон боловч сонгогдсон нь цөөн.” Есүс чуулгандаа хандан, зүйрлэлүүдээр заан сургах үед шавь нар нь Түүнээс яагаад заавал зүйрлэлүүдээр заадгийг нь асуусан нь аргагүй. Зүйрлэлүүдийг ойлгодог хэцүү. Яагаад гэвэл эдгээрт бидний Эзэний хаанчлалын тухай маш гүн гүнзгий сургаал номлол агуулагдаж байдаг. Шүтээний ажилладаг арга замыг тэр болгон хүмүүний ойлголт, тайлалаар тайлбарлах боломжгүй. Ишаиа 55:8-9 “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр гэж ИХОВАА айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” Нэг үйл явдлыг төсөөлөн авч үзье. Эзэний чуулганд байдаг нэгэн аав ээжид бяцхан хүү мэндэлжээ. Тэр нь сайхан өсөж торнив. Тэгээд 9 настайдаа аврагдаж, удалгүй баптизм хийлгэж, аав ээжийнхээ чуулганы нэгэн гишүүн боллоо. Тэрбээр Эзэнд итгэмжтэйгээр үйлчилж бас чуулганыхаа нэгэн бүсгүйтэй гэрлэж улмаар тэд хоёул насан туршдаа Шүтээнд үйлчилжээ. Тэр бас чуулганыхаа диаконос болж, Шүтээний үгийг зааж сургадаг сайн багш болов. Бүхий л амьдралынхаа туршид өөрийнхөө цаг зав, санхүүгээр чуулганаа дэмждэг байлаа. Эцэст нь насан өндөр болж, цаг нь болж улмаар энэ дэлхийгээс одов. Харин түүнийг нас барахаас зургаан сарын өмнө чуулганых нь нэгэн оройн үйлчлэлийн үеэр нэгэн архичин ирж, тэр оройдоо аврагджээ. Энэ эр туйлын таагүй амьдралаар амьдарч, нийгэмд хог шаар болж байсан. Олон жилийн туршид өөрийнхөө амьдралыг ч баллаж бас эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд ч түвэг учруулсан байлаа. Харин тэр орой аврагдсаныхаа дараа тэрбээр зөв зүйлийг хийхийг хүсэж улмаар баптизм хийлгэн, чуулганд нэгдэв. Гэтэл тун удалгүй түүний архинд, тамхинд, хар тамхинд автсан байсны хор уршиг илэрч, хорт хавдартай нь тогтоогдон, эмнэлэгт хэвтжээ. Харамсалтай нь тэрбээр мөнөөх итгэмжтэй, өндөр настай диаконостой хамт нэг өдөр нас барав. Амьдралынхаа ихэнхийг гаргуунд нь гаргаж амьдарсан энэ хүн насаараа диаконос байсан хүнтэй адилхан сүйт бүсгүйн нэг хэсэг болох уу? Энэ түүх дээрх зүйрлэлтэй ямар нэг байдлаар төстэй байна уу? Дахин төрсөн итгэгч болгон хэрхэн Шүтээний хаанчлалд ордог талаар энэ хаанчлал заагаад байна уу?

Тэнгэрийн хаанчлал бол дахин төрөх үед хүлээн авагддаг зүйл хэмээн итгэдэг хүмүүсийн байнга ашигладаг Библийн хэсэг бол Иоаннис 3:1-7 юм. Библийг Библиэр өөрөөр нь тайлбарлуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Библи өөртэйгөө хэзээ ч зөрчилдөхгүй гэдгийг бид мэддэг учраас, бичвэрүүдийг уншиж байх үед өөр хэсэгт бичигдсэн зүйлстэйгээ зөрчилдөж байгаа мэт хэсэгтэй таарвал илүү нухацтай харах хэрэгтэй. Дээрх Библийн хэсэгт Еврейчүүдийн нэгэн багш бичвэрүүдийн талаар ярилцах гэж Есүс дээр шөнөөр ирж байна. Хүн хэрхэн эхийн хэвлий рүүгээ хоёр дахиа орж чадах юм бэ гэдэг зүйлийг Есүсээс асууж байгааг нь харвал энэ багшийн оюун ухааны чадварын талаар эргэлзмээр юм шиг. Уг нь энэ хүн заан сургах чадварын хувьд коллежийн багшийн хэмжээнд хүрсэн. Тэрбээр синагоги дотор Шүтээний үгийг хүмүүс зааж сургадаг нэгэн байв. Иоаннис 3:10 “Есүс хариулж улмаар түүнд, Чи Израйлийн багш атлаа ийм зүйлсийг мэддэггүй гэж үү?...гэв.” Синагоги дахь хамт ажилладаг Еврейчүүдээс айж болгоомжилсондоо тэрбээр Есүс дээр шөнөөр иржээ. Тэрбээр элит Еврейчүүдийн нэг. Түүнийг фариса хүн байсан хэмээн Библийн энэ хэсэгт хэлсэн байдаг. Фариса гэдэг нь Еврейн шашны хамгийн хатуу баримтлалтай бүлэглэл. Энэ бүлэглэлийнхэн өөрсдийгөө зөв байдал болон оюун ухааны хувьд Израйльчуудын хэнээс ч илүү эрхэм дээр гэж үздэг. Мөн Библийн энэ хэсэгт түүнийг Еврейчүүдийн захирагч гэсэн байдаг бөгөөд энэ нь синагоги дахь түүний байр суурь их өндөр гэдгийг илтгэж байна. Энэ бүгдийг гаргаж хэлсэн шалтгаан бол энэ багш итгэл бишрэлийнхээ хувьд шинэ, залуу биш гэдгийг харуулах гэсэн юм. Мөн тэрбээр ярилцах зүйлтэйгээр Есүс рүү очжээ. Есүстэй ярилцахыг хүссэн уг сэдвийнхээ талаар тэрбээр өмнө нь найз нартайгаа ярилцсан байсан нь тодорхой. Иоаннис 3:2 “Мөнөөх эр Есүс дээр шөнөөр ирж улмаар түүнд, Раввий, Та бол Шүтээнээс ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Шүтээн өөртэй нь хамт биш л бол хэн ч таны бүтээдэг тэр гайхамшгуудыг бүтээж чадахгүй гэв.” “Бид мэднэ” гэдэг нь найзуудтайгаа энэ талаар ярилцсан болохыг харуулж байна. Аврал олоогүй байсан, шашны энэ удирдагчтай Есүс ярилцаж, дахин төрөх хэрэгтэй талаар нь хэлж өгөхдөө яагаад “хаанчлал” гэдэг үгийг дурдсан юм бол? Есүс цугласан олон Еврей (зарим фариса хүн тэнд байсан нь гарцаагүй) хүнд зүйрлэлүүдээр ярих үед “тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх” ойлгох чадвар тэдэнд өгөгдөөгүй. Хүн дахин төрөхийн тулд эхлээд ямар байр суурин дээр зайлшгүй байх ёстой талаар Никоодимост хэлж өгөх үедээ яагаад хаанчлалыг дурдсан юм бол? Никоодимос Есүстэй Шүтээний хаанчлалын талаар ярилцах гэж ирсэн юм бололтой. Яагаад гэвэл тухайн үед Еврейчүүдийн дунд хамгийн их яригддаг сэдэв нь энэ байсан. Лукаас 17:20 “Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй.” Энэ үед л Машиах ирж өөрийнхөө хаанчлалыг байгуулна хэмээн Еврейчүүд бодож хүлээж байсан юм. Лукаас 19:11 “Тэгээд тэднийг энэ зүйлсийг сонсох зуур нэгэн зүйрлэлийг тэр нэмж ярив. Учир нь тэрбээр Иерусалимд ойрхон байсан бөгөөд тэд Шүтээний хаанчлал удахгүй харагдана гэж бодож байсан юм.” Еврейчүүдэд байсан Шүтээний хаанчлалын талаарх нэг буруу ойлголт бол энэ нь дэлхий дахиныг эзэлж улмаар Машиах хаанчилна гэдэг бодол юм. Тиймээс Никоодимос Есүс дээр хүрч ирээд, түүнд “Бид таны талаар ярилцсан. Таныг Шүтээнээс ирсэн гэдгийг ч мэдэж байна. Хэрэв та тэндээс биш байсан ийм гайхамшгуудыг үйлдэж чадахгүй байсан” гэсэн агуулгатай зүйлийг хэлсэн. Дараа нь Есүсээс хаанчлалаа одоо байгуулах эсэхийг нь асуужээ. Есүс аврал олоогүй энэ хүнд хариулт өгөхдөө эхлээд аврагдах хэрэгтэйг нь хэлдэг. Аврал олоогүй хүмүүс бидэнтэй шашны талаар ярилцах гэх үед нь бид эхлээд юу хийдэг вэ? Тэд бидэнтэй баптизмын талаар, чуулганы нэг хэсэг болох талаар ярилцах гэхэд нь бид тэдэнд эхлээд аврагдахгүй бол баптизмын талаар ч, чуулганы талаар ч ойлгож чадахгүй гэдгийг нь хэлж өгнө. Хэрэв бид Есүсийн Никоодимост өгч байгаа хаанчлалын талаарх үгсийг нягтлан үзвэл хаанчлалын талаарх өөр бусад бичвэрүүдтэй яв цав нийцэж байгааг нь харах болно. Иоаннис 3:3 “Есүс хариулж түүнд, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн дахин төрөхгүй л бол Шүтээний хаанчлалыг харж чадахгүй гэлээ.” Эхлээд Шүтээний гэр бүлд төрөхөөс нааш хүн тэнгэрийн хаанчлалын талаар ямар нэг зүйл ойлгох боломжгүй. Энэ хэсэгт гарч байгаа “харах” гэдэг үг нь ойлгох гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ “харах” гэдэг үг нь Есүс Өөрийнхөө чуулганд хандан, “Шүтээний хаанчлалын нууцуудыг” ойлгох нь Еврейчүүдэд өгөгдөөгүй гэдэг санааг илэрхийлсэн хэсэгт гардаг үг мөн. Тэдэнд үүнийг ойлгож харах хараа, сонсох чих байхгүй гэдгийг Есүс хэлсэн.

Никоодимост Шүтээний хаанчлалыг ойлгох нь байтугай дахин төрөх гэж юу болохыг ч ойлгох чадвар байгаагүй. Дахин төрөх гэдэг нь хүн эхийн хэвлий рүүгээ эргэж орохыг хэлж байна хэмээн тэр боджээ. Иоаннис 3:5 “Есүс хариулж, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн уснаас болон Сүнснээс төрөхгүй л бол Шүтээний хаанчлалд орж чадахгүй.” Дахин төрөхөөс нааш хаанчлалд орж чадахгүй гэдгийг нь Есүс түүнд маш тодорхой хэлж байна. Гэхдээ хүн дахин төрмөгцөө л Шүтээний хаанчлалд багтчихдаг гэдэг ойлголтыг Есүс энд огт өгөөгүй. Чи эхлээд дахин төрөхгүй бол ярилцахыг хүсээд байгаа тэр хаанчлалдаа орж чадахгүй гэдгийг нь л Есүс түүнд ойлгуулах гээд байна. Иоаннис Баптист Израйлийн ард түмэнд тэнгэрийн хаанчлал удахгүй бий болох талаар тунхаглаж байсан бөгөөд үнэхээр ч Есүс чуулганыг бий болгох гэж байсан. Энэ нь дараах ишлэлүүдээс тодорхой харагддаг. Дахин төрсөн хүмүүсийг хаанчлалд оруулах эрх мэдлийг Есүс чуулганд өгчээ. Маттаиос 16:18-19 “18Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй. 19Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ.” Мөн хасах шаардлагатай зүйл үйлдсэн дуулгаваргүй гишүүнд яаж хандах ёстой талаар ч бас бидэнд маш тодорхой ойлголт, мэдээллийг үүний зэрэгцээ өгдөг. Маттаиос 18:17-18 “17Тэгээд тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Харин чуулганыг сонсохоос татгалзвал чиний хувьд тэрбээр, Жүүд бус хүн болон татвар хураагч адил болог. 18Үнэхээр би та нарт хэлье. Газар дээр та нарын уях аливаа зүйл тэнгэрт уягдах болно. Мөн газар дээр та нарын тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдах болно.” Эзэний чуулганууд дэлхий дээрх бусад чуулгануудаас нэг зүйлээр эрс ялгаатай. Эхлээд дахин төрөөгүй нэг ч хүнд бид баптизм хийдэггүй бас чуулганы гишүүн болгодоггүй.

Одоо Шүтээний/Тэнгэрийн хаанчлалын талаар бас Христийн үеэс хойш оршин байгаа талаар ярилцъя. Бид үүнийг дэлхий дээрх чуулган хаанчлал, дэлхий дээрх мянган жилийн хаанчлал, Мөнхийн цаг хугацаан дахь Хаанчлал гэсэн гурван үетэй шатаар харах болов уу. Тус бүр дээр нь тайлбар хийхээс өмнө эхлээд хаанчлалуудтай, хаант улсуудтай холбоотой зүйлсийг авч үзье. Бүх зүйлийн эзэмшил үргэлж Шүтээнд харьяалагддаг. Хорвоо дэлхий Түүнийх бөгөөд үүн доторх бүх зүйл, бүх хүн Шүтээнд хамаарна. Үүнд аврагдсан, аврагдаагүй хүмүүсийн аль аль нь багтана. Энэ дэлхий дээрх хаад, хаанчлалууд бүгдээрээ Шүтээн л хүсэж, зөвшөөрсөн учраас оршин тогтнож байдаг. Адаамаас хойш өнөөг хүртэл Шүтээний нь талаар, Түүний үнэний талаар илэрхийлж танилцуулах хүмүүс Түүнд байсаар л байсан. Шүтээн энэрэл нигүүлслээрээ дамжуулан Өөрийнх нь Хүүг Аврагчаа болгон хүлээн авах боломжийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст, охид хөвгүүдэд олгосоор л байгаа нь үнэн. Хуучин Гэрээний үед аврал олсон Жүүд бус хүмүүс олон байсан боловч тэд Шүтээний сонгосон ард түмний нэг хэсэг байгаагүй. Шинэ Гэрээний үеийн хувьд, Өөрийг нь төлөөлөх ард түмэн Түүнд байгаа. Энэ бол чуулган юм. Есүсийг өөрсдийнхөө Аврагч болгон хүлээн авсан хүн олон байдаг ч бүгдээрээ Есүсийг өөрсдийнхөө Хаан болгож, Түүний хуулиудад захирагдахыг хүсдэг биш ажээ. Есүсийг Аврагчаа болгон хүлээн авсан хүн болгон Шүтээний гэр бүлийн нэг хэсэг болдог. Харин Хааны хуульд (Баптизм, Эзэний зоог, Түүний чуулган дотор ухамсартай зөв амьдрахуй гэх мэт) дуулгаваргүй байсан хүмүүс нь Түүний Хаанчлалд орж чадахгүй. Магадгүй хорвоо дэлхий дээрх бодит хаанчлал нь Библи дэх сүнслэг хаанчлалын талаарх ойлголтод маань нөлөөлдөг байх. Энэ хоёрыг харьцуулж, ялгаатай байдлуудыг нь харцгаая.

Эхлээд хаан төртэй улсыг авч үзье. Тийм улс нь тогтоогдсон хил хязгаартай, хааныхаа эрх мэдэл доор захирагддаг ард түмэнтэй байна. Ердийн нийгэмд нь олон янзын анги давхарга, гарал үүсэлтэй хүмүүс байдаг. Нийгэм дэх давхаргыг нь тоочвол, хамгийн дээр нь хаан, хатан байх бөгөөд тэдний эрх мэдэл, хүч чадал хамгийн агуу нь байдаг. Ийм хэлбэрийн төртэй улсыг хаант улс, вант улс гэдэг. (Ийм төрийн дээд эрх мэдэл нь ихэнх тохиолдолд удам залгасан нэг хүн дээр төвлөрсөн байдаг. Ийм хаад нь бэлэгдлийн төдий хаадаас эрх мэдлийн хувьд эрс ялгаатай.) Хаан эсвэл Хатан хаан уг хаанчлалын нэг хэсэг нь байх нь ойлгомжтой. Хаадын танхимд байлцдаг (хаадын ажил хэргийг гүйцэтгэгчид) хүмүүс эрх мэдлээрээ хаадын дараа орно. Ийм хүмүүс нь дан ганц тухайн Хаан эсвэл Хатан хааны бие туслагч, халамжлагч (зоогийг нь авчирна, хувцаслана, ордныг нь хариуцна) байгаад зогсохгүй бас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид (татвар хураах, сайд, түшмэд, элчин, хууль сахиулагч, шүүх танхимыг хариуцагч гэх мэт) ч байдаг.

Эдгээрээс гадна хаант улсын доторх армийн жанжнууд, офицерууд ч багтана. Тэгвэл энэ улсын ард түмнийг авч үзье. Бизнес эрхлэгчид, худалдаачид, тариаланчид, малчид, багш нар, зарц шивэгчингүүд, жирийн ард иргэд гэх мэт. Мөн ихэнх улсад иргэн нь биш боловч түр оршин суугчид гэж бий. Өөр орноос ирсэн зочид гийчид ч байгаа. Ийм хүмүүс нь тухайн улсад байх зөвшөөрөлтэй боловч иргэд нь биш. Тэр улсад байх өөр нэг таагүй бүлэг хүмүүс бол шударга бус, хулгайч, дээрэмчин, завшигч, хүчирхийлэгч гэх мэт шорон гяндангийн хоригдлууд юм. Ингээд ердийн вант улсын талаар авч үзвээс нийгэмд нь олон анги давхрагын бүлэг, хүмүүс байдаг бөгөөд эрх ямба, байр суурийн хувьд бүгд өөр өөр. Тэгвэл одоо Библи дэх Шүтээний сүнслэг хаанчлалын талаар авч үзье.

Библи дэх хаанчлал нь Хаант улс бөгөөд хаан нь Шүтээн юм. Яг энэ хаант улсын талаар Иоаннис Баптист тунхаглахаар ирсэн. Маттаиос 3:1-3 “1Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан 2улмаар, Та нар гэмшин эргэ. Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв. 3Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм.” Иоаннис Баптист энэ дэлхий дээр эхлэх гэж байсан тэрхүү хаанчлалын тухай найдварыг тунхагласан. Машиах ирж, энэ дэлхийн хаан болоод, бүх төр, эрх мэдлийг гартаа авна хэмээн Жүүдүүд бодож байлаа. Гэтэл Шүтээний төлөвлөгөө ийм биш байсан. Ироодис хаан хүртэл ийм юм болж, хаант улсаа алдах нь хэмээн айжээ. Тийм ч учраас Есүсийг үгүй хийхийн тулд бүх эрэгтэй хүүхдийг алуулсан. Хаанчлал (хаяанд) эхлэх гэж байна гэж хэлэхдээ Иоаннис огтхон ч худал хэлээгүй. Адил зүйлийг хэлэхдээ Есүс ч бас худал хэлээгүй. Ямар нэг зүйл эхлэх гэж байгаа нь ойлгомжтой байсан бөгөөд юу байсан нь ч тодорхой. Шүтээнээс илгээгдсэн Иоаннис уг хаанчлалыг энэ дэлхий дээр эхлүүлэхийн тулд Есүсээс 6 сарын өмнө ард түмнийг түүний төлөө бэлэн болгосон (Лукаас 1:17). Газар дээрх энэхүү хаанчлал нь бусад хаанчлалуудаас тэс өөр байх учиртай байжээ. Энэ нь даян дэлхийд байгаа өөр өөр хаанчлалын дунд оршин тогтнох ёстой аж. Гэхдээ бүх хүн энэхүү хаанчлалын Хааныг нь хүлээн авч, Түүний хуулийн субьект болохыг хүсээд байхгүй ажээ. Библиэр бидэн танилцуулж байгаа энэ хаанчлал нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх учиртай. Шүтээний Хаанчлал наад зах нь гурван өөр үе шаттай гэж харагддаг. Эхлээд энэ нь хавчлага зовлон, завхарсан засаг төрүүд, ёрын муу хүмүүсийн дунд ч газар дээр түүхэн хэлбэртэйгээр оршин тогтнож байгаа хаант улс юм. Хүмүүний байр сууринаас авч үзэх юм бол энэ нь тийм ч хүч чадалтай, агуу хаанчлал биш. Лукаас 17:20-21 “20Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй. 21Бас тэд, Ажигтун энд! эсвэл Ажигтун тэнд! гэж хэлэхгүй. Учир нь ажигтун, Шүтээний хаанчлал та нарын дотор байдаг гэв.”

Есүс даян дэлхийг захирах хаанчлалыг байгуулна хэмээн Фарисачууд харж хүлээж байсан учраас энэ зүйл хэзээ болохыг хэл гэж Есүсээс шаардаж байсан. Есүс тэдэнд “Шүтээний хаанчлалын нууц” гэдэг зүйлийг ярьсан бөгөөд тэд үүнийг аль нэг газраас олж чадахгүй бөгөөд үнэндээ энэ нь аль хэдийн дэлхий дээр байгаа гэдгийг хэлсэн. “Та нарын дотор” гэж хэлэхдээ тэрбээр мэдээж уг Фарисачуудын дотор гэж хэлээгүй. Учир нь тэд аврагдаагүй хүмүүс байсан бололтой. Хаанчлал аль хэдийн энэ дэлхийд байгаа гэдгийг Есүс хэлж байсан бөгөөд үүнийг олж харах сүнсний нүд тэдэнд байсангүй. Маттаиос 13:14-15 “14Тэгээд Ишаиагийн ийн хэлсэн эш үзүүллэг тэдэнд биелэгддэг. Сонсголоороо та нар сонсоно. Гэсэн ч ойлгохгүй. Хараагаараа та нар харна. Гэсэн ч ухаарахгүй. 15Учир нь энэ хүмүүсийн зүрх таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ. Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий.”

Үхэгсдийн орны үүднүүд энэ хаанчлалыг устгахыг оролдсоор ирсэн боловч бүх үеийн туршид хаанчлал оршин тогтносоор, Шүтээнийг хаанаа болгосон хүмүүсийг дотроо агуулсаар байгаа. Энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ үед Есүсийн байгуулсан энэхүү чуулган бол Түүний Хаанчлалыг тээж явдаг хөсөг юм. Өөр бусад хаанчлалууд гарч ирээд бас үгүй болдог ч энэ хаанчлал оршсоор байгаа бөгөөд бүх үеийн турш өөртэй нь хамт байна гэдгээ Хаан нь түүнд амласан юм (Мат 28:20, Мат 6:18; Ээфэс 3:21). Цаг нь ирэхэд Өөрийнх нь хаанчлал дэлхийн хаанчлалын үүргийг хүлээн авах бөгөөд Түүний засаглал бүх хүний дээр байх болно гэдгийг Есүс өөрийн итгэмжит хүмүүст амлажээ. Өвдөг бүхэн Түүнд мөргөнө. Фийлиппойчуудад 2:9-11 “9Тиймээс түүнийг Шүтээн бас өндөрт өргөмжилсөн бөгөөд нэр бүрээс дээгүүр нэрийг түүнд соёрхсон. 10Энэ нь Есүсийн нэрэнд тэнгэр дэх бас газар дээрх мөн газрын доорх зүйлсийн өвдөг бүхэн сөгдөхийн тулд, 11мөн хэл бүхэн Эцэг Шүтээний яруу алдрын төлөө Есүс Христийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд юм.”

Чуулганы үе гэдэг бол Шүтээний мөнхийн хаанчлалын эхний үе шат юм. Шинэ Гэрээнд гарч буй “Шүтээний хаанчлал”, “Тэнгэрийн хаанчлал” гэдэг нь Шүтээний мөнхийн хаанчлалыг илэрхийлж байгаа боловч ихэнхдээ хаанчлалын дэлхий дээрх чуулганы үеийг илэрхийлсэн байдаг. Хаанчлал руу хүрэх зам амархан биш ажээ. Хаанчлалыг сахин хамгаалж бас халдсан дайснуудтай нь тулалдаж, хөөн зайлуулдаг хорвоогийн арми гэж байхгүй. Бүх хаанчлалын дотроос хамгийн өчүүхэн нь хэмээн санагдаж магад. Маттаиос 11:12 “Иоаннис Баптистийн өдрүүдээс одоог хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байгаа бөгөөд хүч түрэгчид нь үүнийг хүчээр эзлэн авч байна.” Чуулган (Шүтээний хаанчлалын ард түмэн) олон үеийн туршид асар их зовлон шаналал туулсаар байсан бөгөөд сая сая хүн өөрсдийнхөө Хааны хуулиуд болон сургаал номлолын төлөө баттай зогсож, амь насаа зориулсан. Ийм Анабаптист гэж хэлэгддэг хүмүүсийн талаар Лютеран түүхч Мошайм ийн бичсэн байдаг. “Ялангуяа, Христийн энэ дэлхий дээр байгуулсан хаанчлал буюу бодит чуулган бол ариун хүмүүсийн цугларалт юм. Тиймээс энэ нь зөвхөн Шүтээнд дуулгаваргүй хүмүүсээс, гэмтнүүдээс төдийгүй хүмүүний өөр бусад бүхий л институциэс бүрмөсөн хараат бус, тусгаар бөгөөд аливаа шүтээнлэг бус байдлын эсрэг зүйл юм.”

Христийн Чуулганы талаарх нэг төрлийн ойлголт, сургаал нь Лютераны цаг үеэс өмнө маш их эсэргүүцэл тэмцлийг туулж, олон зууны туршид шалгарсан (Мошайм, Эклэсиастик Түүхийн Институт, III. 200). Есүсийн энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ үед бий болгосон Шүтээний хаанчлал нь дэлхий дахинд бүх үеийн туршид оршин тогтносоор байгаа. Аврагдсан бүх хүн үүнд багтдаг биш боловч Шүтээний сургаалуудыг, хуулиудыг цэврээр нь сахидаг хаанчлалынх нь ийм хүмүүсийг багтаасаар байдаг. Зөвхөн “Ялагчид” л өөрсдийнхөө Хаанд үнэнч байдаг бөгөөд Хаан нь тэдэнд хаанчлалынхаа хоёр үе шатад (Мянган жил дэх бас Мөнхийн цаг хугацаан дахь хаанчлал) агуу байр сууриудыг олгохоо амласан. Илчлэл 2:7 “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Би ялагч нэгэнд Шүтээний ер бусын цэцэрлэгийн дунд байдаг тэрхүү амьдралын модноос идэхийг соёрхоно.” Илчлэлт 2:17 “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нэгэнд би нууцлагдсан мааннагаас идүүлэхээр өгнө. Мөн түүнд цагаан чулууг өгөх бөгөөд энэхүү чулуун дээр хүлээн авагчаас нь өөр хэн ч үл мэдэх шинэ нэр бичигдсэн байна.” Илчлэлт 2:26 “Тэгээд ялагч нэгэн буюу миний ажлуудыг эцэс хүртэл сахидаг хүнд би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдлийг өгнө.” Илчлэлт 3:5 “Ялагч ийм хүн нь цагаан хувцсаар хувцаслана. Мөн би түүний нэрийг амьдралын номноос арилгахгүй харин ч би түүний нэрийг Эцэгийнхээ өмнө бас элч нарынх нь өмнө хүлээн зөвшөөрнө.” Илчлэлт 3:12-13 “12Би ялагч нэгнийг миний Шүтээний сүм дотор багана болгоно. Тэгээд тэр цаашид хэзээ ч гадагш явахгүй. Түүнчлэн би түүн дээр миний Шүтээний нэрийг бас миний Шүтээний хот буюу миний Шүтээнээс тэнгэрээс доош буух шинэ Иерусалимын нэрийг мөн өөрийнхөө шинэ нэрийг бичих болно. 13Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.” Илчлэлт 3:21-22 “21Би ялагч нэгэнд надтай хамт миний хаан суудал дотор суух эрхийг соёрхоно. Яг л би бас ялан дийлээд, Эцэгтэйгээ хамт түүний хаан суудал дотор суусантай адил. 22Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.” Шинэ Гэрээн дэх буюу чуулган дахь Шүтээний хүмүүсийн тухай олон зүйлийг ярьж болох бөгөөд Тэнгэрийн/Шүтээний хаанчлалын талаарх сургаалд гарч байгаа хүмүүс нь тэд болой. Эзэний Чуулганыг Шүтээний хаанчлалын хүмүүс гэж хэлснээрээ би буруутахгүй. Аврагдсан, дахин төрсөн, цусаар нь худалдан авагдсан, энэрлийг хүлээн авсан, Шүтээний хүүхдүүд нь онцгой юм. Гэхдээ аврагдсан болгон нь Шүтээний Хаанчлалын нэг хэсэг байдаг биш ажээ. Одоо дэлхий дээрх Шүтээний хаанчлалын хоёр дахь үе шатыг авч үзэцгээе. Мянган жил дэх Христийн Хаанчлал ба энэ дэлхий дээрх Түүний чуулганыг харцгаая. Энэ дэлхий дээр мянган жилийн туршид Шүтээний Засаглал байх бөгөөд энэ үед газар дээр өөр ямар ч засаглал, хаанчлал гэж байхгүй.

Илчлэлт 11:15 “Улмаар долоо дахь элч бүрээдлээ. Тэгэхэд тэнгэрт, Энэ дэлхийн хаанчлалууд бидний Эзэнийх буюу түүний Христийнх боллоо. Мөн тэрбээр мөнхийн мөнхөд хаанчлах болно гэх агуу дуу хоолойнууд гарлаа.” Tиймээс Христ 1000 жилийн хаанчлалаа энэ дэлхий дээрх Засаглал болгон тогтоосноор энэхүү сүнслэг хаанчлал нь шинэ үүрэг ролийг хүлээн авч байна. Даниэл 7:22 “Өдрүүдийн Эртний Нэгэн ирсэн бас Хамгийн Дээд нэгний ариун хүмүүст шүүлт өгөгдсөн бас ариун хүмүүс хаанчлалыг эзэмших тэр цаг ирсэн байх хүртэл байв.” Даниэл 7:27 “Тэгээд хаанчлал ба ноёрхол бас хамаг тэнгэрийн доорх хаанчлалын агуу байдал нь Хамгийн Дээд Нэгний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөнө. Түүний хаанчлал мөнхөд үргэлжлэх хаанчлал бөгөөд бүх ноёрхлууд түүнд үйлчилж бас дуулгавартай байна.” Мянганы хаанчлалын үе дэх Шүтээний хаанчлалын талаар ярилцах олон зүйл байгаа боловч эндээс нэг л зүйл маш тодорхой байдаг. Аврагдсан хүн болгон энэ хугацааны туршид Христтэй хамт захирч бас засаглах юм биш гэдэг нь бичвэрээс тодорхой харагдаж байна. Түүнд итгэмжтэй ялагчид л Түүний засаглалын хүмүүс байх болно. 1 Кооринтосчуудад 6:2-3 “2Ариун хүмүүс дэлхийг шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Тэгээд дэлхий та нараар шүүгдэх юм бол та нар хамгийн бага хэргүүдийг ч шүүх үнэ цэнэгүй гэж үү? 3Бид элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй юү? Энэ амьдралд хамаарах зүйлс нь хэр их илүү вэ?” Чуулганы эрин үеийн ялагч нар л Христийн мянганы хаанчлалын үед захирч, засаглана гэдэг нь маш тодорхой байна. Илчлэлт 2:26-29 “26Тэгээд ялагч нэгэн буюу миний ажлуудыг эцэс хүртэл сахидаг хүнд би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдлийг өгнө. 27Улмаар ваарчны ваарнууд бут цохигдох адилаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Яг л би Эцэгээсээ хүлээн авсан шиг. 28Мөн би түүнд өглөөний одыг өгнө. 29Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.” Бүхий л цаг үеийн туршид аврагдсан бүх хүний босгогдолтоор энэ үе шат эхэлнэ. Даниэл 7:13-14 “13Би шөнийн үзэгдлүүдийг үзсэн бөгөөд ажигтун, хүмүүний Хүү мэт нэгэн тэнгэрийн үүлстэйгээр ирж улмаар өдрүүдийн Эртний нэгэн рүү очив. Тэдгээр нь түүнийг түүний өмнө ойртуулан авчирлаа. 14Тэгэхэд түүнд ноёрхол, сүр жавхаа бас бүх хүн, үндэстнүүд, хэл ярианууд өөрт нь үйлчлэх ёстой тийм нэгэн хаанчлал өгөгджээ. Түүний ноёрхол бол мөнхөд үргэлжлэх ноёрхол юм. Энэ нь өнгөрөн одохгүй бөгөөд түүний хаанчлал устгагдашгүй байх аж.” Адаам Хавваа, Аврахаам Сараа, Ицхаак, Иакоов зэрэг Хуучин Гэрээний бүхий л аврагдсан хүмүүс тэнд байх болно. Асар их гай зовлонг туулан гарсан 144,000 үлдэгсэд Аврахаамд амлагдсан тэрхүү нутгийг эзэмшихийн тулд тэнд төрөлх махбодоороо байх болно. Үхлээс босгогдсон бүх аврагдсан хүн шинэ тэнгэрийн махбодоор байна. Шүтээн дэлхийг захирах учраас гэмд зай байхгүй бөгөөд үнэхээрийн гайхамшигтай сайхан цаг байх болно. Энэ цаг хугацаанд газрын биетэйгээ байх хүмүүс бий. Газрын махбодтой энэ хүмүүсийн ихэнх нь аврал авахгүй бөгөөд энэхүү эриний төгсгөлд болох тулалдаанд оролцох ажээ. Тэд хүүхэд төрүүлэх бөгөөд тэдний ихэнх нь бараг 1000 настай болтлоо амьдарна. Дэлхий дээрх энэ хаанчлалын туршид Сатаан ёроолгүй нүхэнд хүлээтэй байх болно. Илчлэлт 20:2-3 “2Тэгээд тэрбээр луу буюу эртний могой болох Элээ буюу Сатааныг барьж мөн түүнийг мянган жил хүлээд 3улмаар түүнийг ёроолгүй нүхэнд хаяв. Мөн мянган жил гүйцээгдтэл үндэстнүүдийг тэр дахин мэхлэхгүйн тулд түүнийг цоожилж бас дээр нь лацаджээ. Тэгээд үүний дараа тэр багахан хугацаанд суллагдах ёстой.” Мянганы хаанчлалын талаар үргэлжлүүлэн ярих зүйл олон байгаа боловч одоо бичвэр дэх Шүтээний сүнслэг хаанчлалын сүүлийн үе шат болох Мөнхийн цаг хугацаан дахь хэсгийг харцгаая. Бидний мэддэг энэ хорвоо дэлхий устаж үгүй болно гэдэг нь Библид маш тодорхой хэлэгдсэн. 2 Пээтрос 3:10 “10Гэвч Эзэний өдөр нь шөнөөр байдаг хулгайч мэт ирнэ. Энэ үед тэнгэрүүд асар их чимээтэйгээр үгүй болгогдож, бодисууд нь халуунаар хайлуулагдаж, газар болон үүн дээрх ажлууд ч бас шатаагдана.” Мөнхийн цаг хугацааны туршид оршин байх Шинэ Тэнгэр, Шинэ Дэлхий бий болно гэдэг нь ч бас бидэнд хэлэгдсэн. Илчлэлт 21:1-7 “1Тэгээд би шинэ тэнгэр бас шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр ба анхны газар өнгөрчээ. Мөн цаашид тэнгис байсангүй. 2Улмаар нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн ариун хот, шинэ Иерусалим Шүтээнээс тэнгэрээс буухыг Иоаннис би харав. 3Тэгтэл тэнгэрээс агуу дуу хоолой, Ажигтун, Шүтээний асар хүмүүстэй хамт агаад тэр тэдэнтэй хамт оршиж бас тэд түүний ард түмэн болно. Мөн Шүтээн өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Шүтээн байх болно. 4Түүнчлэн Шүтээн тэдний нүднээс бүх нулимсыг арчиж хаяна. Мөн цаашид үхэл бас гашуудал ч бас уйлаан ч байхгүй. Бас цаашид өвдөлт ч байхгүй. Яагаад гэвэл урьдах юмс өнгөрсөн гэхийг би сонслоо. 5Тэгтэл хаан суудал дээр залрагч тэрбээр, Ажигтун, би бүгдийг шинэ болгож байна гэв. Тэгээд надад, Бич. Учир нь энэ үгс бол үнэн бөгөөд итгэмжтэй гэлээ. 6Мөн тэр надад, Болчихлоо. Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Би цангасан хүнд амьдралын усны ундарганаас үнэгүй өгнө. 7Ялагч нь бүгдийг өвлөнө. Улмаар би түүний Шүтээн байх бөгөөд тэр миний хүү байх болно.” Энэ бол Шүтээний үүрдийн хаанчлалын эхлэл. Газар дээрх хаанчлалтай харьцуулан харвал ихэнх бүтэц бүрэлдэхүүн нь адилхан. Нэгдүгээрт, хаанчлал нь Хаантай бөгөөд уг хаан нь эхнэртэй. Хаанчлал нь хилтэй боловч шинэ дэлхий бүхэлдээ түүний эрхшээлд байна. Аврагдаагүй бүх хүн, Сатаан болон түүний элч нар хэрхэн эцсийн шүүлтэд орж байгааг бид Илчлэлт 20 бүлгээс хардаг. Тэд бүгд галан нуур луу хаягдсан. Галан нуур хаана байдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан шинэ тэнгэр, шинэ дэлхийд ойрхон биш. Одоо шинэ дэлхий ба шинэ хаанчлалыг авч үзье. Үүний яг голд нь Шинэ Иерусалим гэдэг дөрвөлжин буурилсан хот байна. Энэ хот асар том бөгөөд хааш хаашаагаа 2400 км урт. Хойд талд нь байх хэрэмний урт 2400 км. Зүүн талд байх хэрэмний урт 2400 км урт. Урд талын хэрэмний урт 2400 км. Баруун талын хэрэмний урт 2400 км. Үнэхээр гайхалтай! Гэхдээ ингээд зогсохгүй дээшээ тэнгэр лүү 2400 км өндөр. Энэ нь хааш хаашаа 2400 км үргэлжилсэн цэвэр гоо үзэсгэлэн. Хотын гудамжнууд нь шижир алтан бөгөөд гадна хэрэмнүүд нь хүн төрөлхтний мэддэг хамгийн үнэт эрдэнэсээс бүтсэн. Тэрхүү дэлхийн хамаг гэрэл Есүсийн залрах хаан суудлаас гардаг. Одод, нар, сар байхгүй. Тэгээд мөнөөх хаан суудлаас амьдралын гол урсан гарах бөгөөд энэ нь дэлхий дээрх бүх оршин суугчдыг сэргээдэг эх үүсвэр аж. Мөн тэнд амьдралын мод байна. Энэ нь Ээдэнгийн цэцэрлэгт анх байсан яг тэр мод ажээ. Мөнхийн цаг хугацааны туршид байх цорын ганц гол зүйл нь энэ хот. Энэ бол Есүсийн Өөрийнхөө Сүйт бүсгүйд зориулан барьсан онцгой оршлын газар. Иоаннис 14:2-3 “2Миний Эцэгийн өргөөнд олон орд харш бий. Хэрэв үгүй байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт газар бэлдэхээр явж байна. 3Тэгээд хэрэв би явж улмаар та нарт газар бэлдвэл эргэж ирээд, та нарыг өөртөө авна. Энэ нь би хаана байна та нар ч бас тэнд байхын тулд юм.” Энэ хэсэгт Есүс чуулгандаа хандан, Мөнхийн цаг хугацааны туршид Өөртэй нь хамт оршин байх газрынх нь талаар өгүүлж байна. Илчлэлт 21:1-5 “1Тэгээд би шинэ тэнгэр бас шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр ба анхны газар өнгөрчээ. Мөн цаашид тэнгис байсангүй. 2Улмаар нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн ариун хот, шинэ Иерусалим Шүтээнээс тэнгэрээс буухыг Иоаннис би харав. 3Тэгтэл тэнгэрээс агуу дуу хоолой, Ажигтун, Шүтээний асар хүмүүстэй хамт агаад тэр тэдэнтэй хамт оршиж бас тэд түүний ард түмэн болно. Мөн Шүтээн өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Шүтээн байх болно. 4Түүнчлэн Шүтээн тэдний нүднээс бүх нулимсыг арчиж хаяна. Мөн цаашид үхэл бас гашуудал ч бас уйлаан ч байхгүй. Бас цаашид өвдөлт ч байхгүй. Яагаад гэвэл урьдах юмс өнгөрсөн гэхийг би сонслоо. 5Тэгтэл хаан суудал дээр залрагч тэрбээр, Ажигтун, би бүгдийг шинэ болгож байна гэв. Тэгээд надад, Бич. Учир нь энэ үгс бол үнэн бөгөөд итгэмжтэй гэлээ.” Дахин төрсөн итгэгч хүмүүсийн хувьд энэ агуу хотод амьдрахаас илүү агуу шагнал гэж байхгүй. Фийлиппойчуудад 3:8-15 “8Үнэхээр эргэлзээгүй. Улмаар Эзэн Христ Есүсийнхээ тухай мэдлэгийн гоц гойд байдлын төлөө би бүх зүйлийг алдагдалд тооцдог. Түүний төлөө би бүх зүйлийг алдагдал болгосон бөгөөд тэдгээрийг баас гэж тооцдог нь би Христийг хүртэж, 9улмаар хуулиас байдаг өөрийн зөв байдалтайгаар биш, харин итгэлээр Шүтээнээс байдаг тэрхүү зөв байдал болох Христэд итгэх итгэлээр дамжин түүний дотор олдохын тулд юм. 10Тэгвэл үхэлтэй нь адил байдалд болгогдсон би түүнийг бас үхэгсдээс босгогдолтын хүч чадлыг нь бас түүний зовлонгууд дахь нөхөрлөлийг танин мэдэх болно. 11Ямар л зам байна түүгээр нь би үхэгсдээс босгогдолт руу хүрч очно. 12Би аль хэдийн хүрч очсон эсвэл аль хэдийн төгс болчихсон учраас биш, харин би Христ Есүст юуны төлөө баригдсан, тэр зүйлийг би бас барьж авахын тулд араас нь мөшгөдөг. 13Ахан дүүс ээ, би бариад авчихсан гэж өөрийгөө тооцдоггүй. Харин би ийм нэг зүйлийг хийдэг. Ард байгаа зүйлсийг мартаж улмаар өмнө байгаа зүйлс рүү тэмүүлэнгээ, 14Христ Есүс дэх Шүтээний өндөр дээд дуудлагын шагналын төлөө тэмдэг рүү зүтгэдэг. 15Тиймээс төгс байх хэн ч бай ийм санаа бодолтой байцгаая. Тэгээд хэрэв та нар үүнд ямар нэг байдлаар өөр санаа бодолтой байгаа бол Шүтээн үүнийг л та нарт илчлэх болно.”

Энэ хаанчлал дотор байх хүмүүсийн талаар ярилцья. Дэлхий дээрх хаанчлал дотор янз бүрийн анги давхаргын хүмүүс байгаатай адилхан шинэ тэнгэр, дэлхийд ч бас ийм байх болно. Шинэ эрин дэх хүмүүс бүгдээрээ дахин төрсөн Шүтээний хүүхдүүд байна. Тэдний хүн нэг бүр тэнгэрийн шинэ биетэй болчихсон байх бөгөөд зарим нь Шинэ Иерусалим дотор, зарим нь энэ хотын гадна талд байрлах үндэстнүүд дотор амьдрах ажээ. Гадна байх үндэстнүүдийн хүн амын тоо хэр зэрэг агуу байхыг мэдэх аргагүй. Шинэ Иерусалимын хэмжээг авч үзвэл дотор нь амьдрах хүмүүсийн тоо их л байх шинжтэй. Хааш хаашаа 2400 км талбай асар олон хүнийг багтаах бололцоотой. Хаан нь (Есүс) ба хатан нь (Итгэмжит Чуулган) хот дотор амьдрах бөгөөд Израйлийн итгэмжтэй хүмүүс бас Шүтээн Эцэг тэнд оршин байх аж. Дотор нь амьдрах хүмүүсийн талаар цааш нь ярихаасаа өмнө хотын гадна талд амьдрах хүмүүсийн талаар хэдэн зүйл хэлье.

Хэн гадна нь амьдрах вэ гэдгийг мэдэх боломжтой юу? Илчлэл 21:24-27 “24Улмаар аврагдсан үндэстнүүд гэрэлд нь алхана. Мөн газрын хаад яруу алдар болон хүндэтгэлээ үүн рүү авчирдаг. 25Бас хаалганууд нь өдрөөр хэзээ ч хаагдахгүй. Яагаад гэвэл тэнд шөнө байхгүй. 26Мөн тэд үүн рүү үндэстнүүдийн яруу алдар болон хүндэтгэлийг авчирна. 27Түүнчлэн бузарладаг бас жигшүүрийг үйлддэг бас худлыг бий болгодог ямар ч зүйл хэзээ ч үүн рүү орохгүй. Харин Хурганы амьдралын номд бичигдэгсэд л орно.” Хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа зүйл бол “Үндэстнүүд” (олон тоон дээр) гэдэг үг. Яг хэдэн үндэстэн тэнд байхыг хэлж мэдэхгүй ч эдгээр нь дахин төрсөн (аврагдсан) хүмүүсээс бүрдэх нь гарцаагүй. Үндэстэн гэдэгт ашиглагдсан Грек үг нь тун сонирхолтой. Англи хэлээр бичигдсэн Грек үгсийн Стронг толины тайлбар: “1486 дугаартай үгнээс гаралтай, арьстан (адил төрлийн зан чанартай), овог аймаг, ялангуяа харийн (Жүүд бус) хүн (буруу номтон) – Жүүд бус, үндэстэн, ард түмэн.” Грек хэлнээ Этнос гэж дуудагддаг үг нь үндэс, угсаа гэдэг утгатай. Тэнд өөр өөр арьс өнгөтэй үндэстэнгүүд байхгүй болов уу. Харин адилхан хэв шинжтэй хүмүүсээс (аврагдаад, Христэд хайртай учраас маш их хөдөлмөр зүтгэл гаргасан боловч хэзээ ч Түүний Чуулганы нэг хэсэг байгаагүй) бүрдсэн үндэстэнгүүд байх болов уу. Газар дээрх хаанчлалын хүмүүс дээрээсээ доошоо хүртэл өөр өөр ангилал, зэрэглэлтэй байдгийг бид жишээ болгон авч үзсэн. Хааны өргөөнөөс эхлээд хорих гяндан хүртэл. Тэгвэл Аврагдсан хүмүүсээс бүрдэх энэ үндэстнүүд нь итгэмжтэй байдал болон зөв байдлынхаа түвшингээс болоод ялгаа заагтай байх ёсгүй гэж үү? Бидний ярилцаж байгаа таамаглалуудын ихэнхийг тодорхой бичвэрээр батлах боломжгүй. Янз бүрийн гэм үйлдэж буй аврагдсан хүмүүст арга хэмжээ авч, улмаар тэднийг Шүтээний хаанчлалаас гаргахтай холбогдуулсан бичвэрүүд нь ямар учиртай юм бэ?

Галатиачуудад 5:19-21 “19Эдүгээ махбодын үйлсүүд илэрхий юм. Эдгээр нь завхайрал, садар самуун явдал, бузар байдал, бузар тачаал, 20дүрс шүтэх байдал, ид шид, үзэн ядалт, маргаан зөрчил, ааг омог, хилэгнэл, тэмцэлдээн, хагарлууд, тэрс үзлүүд, 21атаархлууд, аллагууд, согтуурал, дураар дургилтууд ба энэ мэт зүйлс юм. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан шигээ та нарт бас урьдчилан хэлье.” 1 Кооринтосчуудад 6:9-10 дээр хэлэгдсэнийг ч бас тунгааж үз. “9Зөв бус хүн Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг та нар мэдэхгүй юү? Бүү мэхлэгд. Түүнчлэн садарлагчид ч, дүрс шүтэгчид ч, завхайрагчид ч, банди янхан ч, бандилагчид ч, 10хулгайч нар ч, шунахайрагчид ч, архичид ч, гутаан доромжлогчид ч, луйварчид ч Шүтээний хаанчлалыг өвлөхгүй.” Энэ бичвэрүүд бол жинхэнэ чуулганууд дахь аврагдсан, баптизм хийлгэсэн гишүүдэд хандан хэлэгдсэн зүйлс юм. Завхайрагчид, аллага үйлдэгчид дахин төрөх боломжгүй гэж энэ ишлэлүүдэд хэлээгүй. “Сайн үйлсүүд” хүнийг авруулж чадна гэж ч хэлээгүй. Энэ ишлэлүүдээс олж харах ёстой бас нэг зүйл бол чуулганы аврагдсан, баптизм хийлгэсэн гишүүд дээрх зүйлсийг үйлдвэл гэм буруутай байх болно гэдэг сургаал. Шүтээний чуулган доторх “гэмшин эргэлтгүй” хүүхдүүд ийм гэмүүдээсээ гэмшин эргэж улмаар чуулган дотроо зөв байр суурьтай болохгүй бол хаанчлал дахь байр суурийг өвлөхгүй гэдгийг дээрх ишлэлүүд сургаж байна. Өв гэдэг бол Библи дэх маш сонирхолтой сургаалуудын нэг.

Ромчуудад 8:16-18 “16Бид бол Шүтээний хүүхдүүд гэдгийг Сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 17Улмаар хүүхдүүд нь юм бол бас өв залгамжлагчид буюу Шүтээний өв залгамжлагчид бас Христтэй хамтран өв залгамжлагчид мөн. Хэрэв тийм бол бид ч бас хамтдаа алдаршуулагдахын тулд түүнтэй хамт зовдог. 18Учир нь өнөө үеийн зовлон зүдүүрүүд нь бидний дотор илчлэгдэх тэрхүү яруу алдартай харьцуулагдах үнэ цэнэгүй гэж би үздэг.” Хэн Шүтээний хүүхэд мөн бэ гэдгийг Шүтээний Ариун Сүнс баталдаг хэмээн энэ ишлэлүүд бидэнд сургаж байна. Дахин төрсөн хүн бүр Шүтээний хүүхэд мөн бөгөөд тэрбээр Шүтээний гэр бүлд мэндэлсэн хэрэг. Энэ ишлэлүүд нь Шүтээний хүүхэд болгон Шүтээний гэр бүлийн нэг хэсэг мөн бөгөөд Шүтээний “өв залгамжлагч” болдог гэдгийг хэлж байна. Шүтээний өв залгамжлагч болно гэдэг нь тэр хүн Шүтээний оршихуйд байна гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Үхлээс босгогдох үед нь түүнд ялгуулсан бие өгөгдөнө. Мөн Есүст хамаг итгэл найдвараа тавьж, Түүнд бат найдсан яг тэр мөчид тухайн хүний дотор Шүтээний Ариун Сүнс ирж суурьшдаг гэдгийг баталж байна. Хүн дахин төрөх мөчид өөр зүйлс ч бас өгөгддөг боловч “хамтран өв залгамжлагч” гэдэг байр суурь шууд олгогддоггүй. Хамтран өв залгамжлагч байхын тулд Есүстэй хамт бас Түүний төлөө зовлонгуудыг нь туулсан байх учиртай. Яг энэ талаар “Улмаар хүүхдүүд нь юм бол бас өв залгамжлагчид буюу Шүтээний өв залгамжлагчид бас Христтэй хамтран өв залгамжлагчид мөн. Хэрэв тийм бол бид ч бас хамтдаа алдаршуулагдахын тулд түүнтэй хамт зовдог.” гэжээ. Хамтран өв залгамжлагч гэдэг нь гэрлэлттэй холбоотой асуудал дээр тавигддаг хууль зүйн нэр томьёо. Эхнэр нөхөр хоёр өмч хөрөнгөн дээр “хамтран шийдвэр гаргах” эрхтэй. Энэ нь тэд тухайн өмчийн дээр адил тэгш эрхтэй гэсэн үг. Өөрийнх нь бүх хүүхэд Түүний өв залгамжлагч мөн боловч Өөртэй нь хамт зовлон бэрхшээл туулдаг нь л эхнэрт байдаг эрх дархыг эзэмших болно гэдгийг Есүс энэ бичвэрүүдээр дамжуулан сургаж байна. Хүн Шүтээний гэр бүлд төрөхийн тулд Есүсийн төлөө зовлон эдлэх шаардлагагүй. Харин Түүнийг өөрсдийнхөө Хаан болгож, Түүний хуулиудад өөрсдийгөө субьект болгосон хүмүүс л Түүний төлөө зовлон бэрхшээл туулах хэрэгтэй болно.

Түүний хаанчлалыг (чуулганыг) ялах гэж үхэгсдийн орны үүднүүд оролдоно. Хэдийгээр энэ нь чуулганыг дийлэхгүй боловч Түүний сонгосон хүмүүст зовлон бэрхшээлүүдийг авчрах болно. Галатиачууд болон 1 Кооринтосчууд дахь бичвэрүүдэд завхайрагчид, садарлагчид, архичид, худалч гэх мэт хүмүүс Шүтээний хаанчлалыг “өвлөж” чадахгүй гэж хэлсэн нь тэд Христийн сургаалуудын төлөө зовлон шаналал туулж, зөв байдал дотор алхсан хүмүүстэй цуг “хамтран өв залгамжлагчид” байх боломжгүй гэдгийг илэрхийлсэн хэрэг. Есүсийг өөрсдийнхөө Хаан байлгаж, хууль болон тушаалуудад нь гуйвалтгүй байсан хүмүүс л “хамтран өв залгамжлагчид” байна.

Одоо буцаад хотын гадна амьдрах хүмүүсийн талаар ярилцъя. Христэд хэр зэрэг итгэмжтэй байсан бэ гэдгээрээ ялгагдсан, өөр өөр үндэстнүүд хотын хэрэмний гадна талд байрлах болно. Энэ дэлхий дээрх хаант улсын ард иргэд хэн хэнээс бүрддэг билээ? Засгийн газарт багтдаггүй зарц шивэгчин, худалдагч, тариаланч гэх мэт өөр бусад ажил төрөлтэй хүмүүсээс бүрддэг. Тэд бүгдээрээ тухайн хаанчлалын иргэд мөн. Хаанчлал дахь хүмүүсийн жагсаалтын хамгийн доод хэсэгт бичигдэгсэд нь худалч, хулгайч, архичин, алуурчин, шорон гянданд хоригдогсод байна. Шинэ Иерусалим дотор зөвхөн Есүсийн итгэмжит эхнэр (чуулган), итгэмжит Израйль бас Шүтээн Эцэг амьдарна гэдгийг бид мэдэж байгаа бол гадна талд нь хэн амьдрах вэ? Нэг зүйлийг төсөөлж үзье. Аав ээж хүү охин дөрөв аврагджээ. Шүтээний гэр бүлд багтсандаа тэд маш их баяртай байлаа. Одоо тэд Христ дотор шинэ бүтээл болсон учраас Есүсийн төлөө амьдрахыг хүсэж байна. Улмаар тэд Библид итгэдэг, авралын мэдээг тунхагладаг бас гишүүддээ цэвэр сайн ухарсраар амьдрахыг зааж сургадаг нэгэн чуулган олжээ. Гэтэл уг чуулган нь бичвэрийн дагуух чуулган биш бөгөөд тэд үүнийг ойлгоогүй бөгөөд өөрсдийнхөө чадлаар л хичээж зүтгэдэг байв. Энэ гэр бүлийнхэн сайн мэдээ тунхаглах ёстой гэдгийг заалгаж, найз нөхөд, хамаатан саднууддаа бүгдэд нь Есүсийг Аврагчаа болгон хүлээн авахыг уриалан, маш их хөдөлмөрлөжээ. Өдөр болгон Библиэ уншдаг бөгөөд гуйлтын хүч чадалд итгэдэг учраас байнга гуйлт хийнэ. Долоо хоног болгон чуулгандаа явна. Аав ээж хоёр нь хоёулаа Ням гарагт хичээл сургаал заана. Хүү охин хоёр нь чуулганы үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог. Бүгдээрээ арван хувиа бас өргөл хандиваа өргөж, амьдардаг газрынхаа нийгмийн тустай ажилд оролцоно. Гэтэл энэ гэр бүлийнхэн Шүтээний үүрдийн хаанчлал дотор байх эсэхийг бодож үзье. Тэд Шинэ Иерусалимд Есүстэй хамт Түүний Сүйт Бүсгүйтэй хамт байх шалгуурт нийцээгүй. Тиймээс тэд хотын гадна талд байх, Аврагдсан хүмүүсийн Үндэстнүүдийн нэгэнд нь амьдарна. Өөр нэгэн дүр зургийг бодож үзье. Хоёр хүүхэдтэй өөр нэгэн гэр бүл байжээ. Тэд бүгд аврагдав. Аав ээж хоёр нь аврал олсондоо баяртай байсан ч ажил ихтэй гээд чуулганд явж эхэлсэнгүй. Гэхдээ тэр хоёр өмнө байсан зарим таагүй зуршлуудаасаа салж, хүүхдүүддээ зөв үлгэр жишээ харуулахын тулд тамхи татахаа бас ууж наргихаа больжээ. Удаагүй байтал аав нь ажлынхаа нарийн бичигт татагдаж, улмаар тэр эмэгтэйтэй завхайрав. Гэрт ч нөхцөл байдал таагүй болж, улмаар эхнэр нь энэ явдлыг нь мэдлээ. Эхнэр нөхөр хоёр салж, хүүхдүүд нь сургууль дээрээ танхайчуудтай нийлдэг болов. Улмаар гудамжинд мансуурагчид болжээ. Цаг хугацааны явцад тэд Шүтээний замаас холдож, үхэхээсээ өмнө хэн хэн нь аврагдаагүй хүмүүстэй адил, шүтээнлэг бус хүмүүс боллоо. Тэд аль хэдийн итгэж аврагдсан байсан учраас авралаа алдахгүй. Өөр нэг түүхийг авч үзье. Шүтээний жинхэнэ чуулган дотор ням гарагийн хичээл заадаг нэгэн багш байлаа. Чуулганы бүх хүн түүнийг цэх шулуун Христэд итгэгч, чуулганы хувьд жинхэнэ үнэ цэнэтэй нэгэн гэж үздэг байв. Харамсалтай нь нэгэн өдөр тэрбээр Хүүхдийн хичээлд оролцдог хүүхдүүдийг оролддог гэдэг нь илэрчээ. Энэ талаар нь түүнийг шалгахад тэрбээр үгүйсгэсэн боловч яваандаа баримтаар гэм буруутай гэдэг нь тогтоогдов. Энэ байдлынхаа төлөө гэмшин эргэж, гэмээ залруулахыг зөвлөсөн боловч тэрбээр татгалзаж, дараа нь чуулганаас хасагдлаа. Тэгээд тэрбээр үхэн үхтлээ чуулганы гадна өрөвдөлтэй байдлаар амьдарчээ. Тэр аврагдсан байсан ч амьдралаа бас эргэн тойрны олон хүний амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргасан. Энэ гурван жишээг тус бүрт нь авч үзвэл: итгэмжтэй гэр бүл жинхэнэ зөв чуулганд байгаагүй, аврал олсон гэр бүл хэзээ ч чуулганд яваагүй бөгөөд өөрсдийнхөө амьдралыг балласан, харин энэ эр Шүтээний чуулганы гишүүн байсан боловч аймшигтай гэм үйлдэж, үүндээ гэмшин эргээгүй. Тиймээс энэ хүмүүс бүгдээрээ Шинэ Иерусалимын гадна талд үлдэж байна. Тэгээд энэ хүмүүс бүгдээрээ нэг дор хөршүүд болж амьдарна гэж та бодож байна уу? Грек хэлний Этнос гэж хэлэгддэг үгээр илэрхийлэгдсэн “үндэстэн” гэдэг үг нь адил төрлийн хүмүүс гэсэн санааг илэрхийлж байгаа болов уу. Тиймээс хүмүүс өөр өөр үндэстэн болж амьдарна гэсэн үг. Энэ бол бодууштай л зүйл.

Хотын гадна амьдрах өөр нэг ангиллын хүмүүс бол тухайн үндэстнүүдийн дээрх Хаад. Гадны байгаа үндэстнүүдээс байх магтаал хүндэтгэлийг зөвхөн хаад нь л хот руу авч орно. Илчлэлт 21:24 “Улмаар аврагдсан үндэстнүүд гэрэлд нь алхана. Мөн газрын хаад яруу алдар болон хүндэтгэлээ үүн рүү авчирдаг.” Хэн ийм хаад болох вэ эсвэл амьдралдаа тэд юу хийсэн болоод ийм өргөмжлөгдсөн байр суурийг эзлэх юм бэ гэдгийг тодорхойлоход хэцүү. Аврагдсан үндэстнүүд хот руу орж чадахгүй боловч тэдний магтаал, хүндлэлийг тэдний хаад хот руу авч ороод, Эзэн өргөх болно. Энэ үед бүх зүйл тодорхой болчихсон байх болно. Шүтээнд хаанчлал байсан бөгөөд үүнд нь багтахын тулд заавал хангах ёстой шалгуурыг Өөрийнхөө Хүүхдүүдэд өгсөн гэдгийг бүгд харсан байх болно. Олон итгэгч хүний хувьд мунхаг гэж харагддаг байсан Баптизмын бас Эзэний Зоогийн талаарх хуулиуд одоо л бүрэн утга учраараа ойлгогдож байгаа биз. Өөрсдийнх нь оршин байх газар тэнд л юм байна гэдгийг хотын гадна байх хүмүүс бүгдээрээ ухаарах болно. Алтан гудамж, цаашид нулимс байхгүй гэх мэт олон амлалт нь зөвхөн хот дотор байгчдад хамаатай бөгөөд хотын байгсдад хүртээлгүй гэдэг нь тодорхой болно. Илчлэлт 22:2 “Үүний гудамжны дунд бөгөөд голын хоёр талд арван хоёр төрлийн жимс тээж, сар бүр жимсээ өгдөг амьдралын мод байсан бөгөөд модны навчис нь үндэстнүүдийн эдгэрлийн төлөө аж.” Хотын дотор байх амьдралын модны навчис нь юу юм бол? Эдгээр нь “үндэстнүүдийн эдгэрлийн” төлөө гэсэн байна. Мөнхийн цаг хугацааны эринд өвчин гэж байхгүй учраас энэ нь ямар нэг бэлэгдлийн утгыг илэрхийлж байгаа бололтой. Шүтээн бол Энэрлийн Шүтээн учраас Өөрийнх нь энэхүү хамгийн агуу шагналаас хоцорсондоо урам хугарсан үндэстнүүдийн сэтгэлийг тайтгаруулахын тулд энэ навчисыг тайтгарал, тайвшрал болгон ашиглах байх. Фийлиппойчуудад 3:14 “14Христ Есүс дэх Шүтээний өндөр дээд дуудлагын шагналын төлөө тэмдэг рүү зүтгэдэг.” Энэрлээр дүүрэн бидний Шүтээн ямар нэг зүйлийг хийх шинжтэй.

Шүтээний гайхамшигтай Мөнхийн Хаанчлалд орж, Өөрийнхөө хүүхдүүдэд зориулж хадгалсан бүхий л Алмайруулах Зүйлсийг харах нь үнэхээрийн гайхамшигтай сайхан байх буй заа.