Articles Glossary

Библийн орчуулгын тухайд

Posted by Bill on March 4, 2016

2 Тимоотеост 3:16-д “Бүх бичвэр Шүтээний амьсгалаар өгөгдсөн бөгөөд сургаалд, гэмшүүлэлтэнд, залруулалтанд, зөв байдал доторх зааварчилгаанд тустай.” гэсэн байдаг.  Мөн Маттаиос 5:18 “Учир нь үнэхээр би та нарт хэлье.  Тэнгэр ба дэлхий үгүй болтол, бүгд биелэгдэх хүртэл хуулиас ганц эвэр (י иуд) эсвэл ганц цэг ч алга болохгүй.” гэжээ.  Энэ ишлэлүүдээс харвал бид Библийг энгийн ном, зохиолтой адил уншдаг байх ёсгүй аж.  Бичвэр буюу Библи нь орчлон ертөнцийг бүтээсэн, бүгдийг захирагч, цорын ганц жинхэнэ шүүгч Шүтээний айлдсан үг, тушаал мөн.  Тиймээс анх Шүтээн өөрийнхөө үгийг Ариун Сүнсээрээ хөтлөн хүмүүсээр тухайн эх хэлүүд дээр нь бичүүлэхдээ ямар үг хэллэг, утга санаа илэрхийлсэн яг түүнийг нь бид уншиж судалдаг байх нь чухал.  Хуучин Гэрээ Еврей, Арамей хэл дээр харин Шинэ Гэрээ Грек хэл дээр бичигдсэн гэдгийг Христэд итгэгчид бид мэддэг.  Библийн орчуулга аль болох хадмал буюу тулган үгчилж орчуулагдсан байгаа нөхцөлд Шүтээний анх илэрхийлсэн тэрхүү илгээлт, утга санааг бид бат итгэлтэйгээр судалж шинжлэх боломжтой болно.

Өнөөдөр Монголд Библийн хэд хэдэн засаж сайжруулсан орчуулга байдаг.  Еврей, Грек хэлнээ гаршсан Монгол хүн хараахан байхгүй тул Хуучин, Шинэ Гэрээнүүдийг шууд эх бичвэрүүдээс нь буулгах боломжгүй.  Тэгэхээр бидний хувьд Библийн орчуулгын гол эх үүсвэр нь Англи, Орос гэх мэт хэл дээрх орчуулга л болж таарна.  Тэгвэл тухайн ашиглагдах гэж байгаа өөр хэл дээрх эх үүсвэрүүд маань үнэн бодит, эх гар бичмэлүүдээс буулгагдсан, хольцгүй цэвэр байх шаардлагатай.  Энгийн хүмүүс уншиж ойлгоход дөхөм болгож хялбаршуулсан, өөрчилсөн, нэмсэн эсвэл хассан тийм хувилбаруудыг эх үүсвэр болгож болохгүй байлаа.  Тиймээс урд удаан судалгаа, хэлцлийн дараа бид Англи хэл дээр байдаг Жеймс Хааны (King James Version) гэгддэг хувилбарыг орчуулгынхаа үндсэн эх сурвалж болгосон.  Гэхдээ үүнийхээ хажуугаар бид өөрсдийн хэр хэмжээ, чадварын хүрээнд Еврей, Грек хэл дээрх бичвэрүүдийг давхар лавлагааны материал болгон ашигладаг.

Шүтээний үгийг анх хэрхэн хэлэгдсэн яг тэр байдлаар нь уншиж судалдаг байх нь маш чухал.  Шүтээний үг бол өөр хоорондоо зөрчилддөггүй, цорын ганц үнэн бөгөөд хүмүүнийг аймшигт шүүлт, мөнхийн тарчлалаас аврах чадалтай гэдэгт итгэх таны итгэл үүгээр улам батжиж болно.

Ганцхан зүйлийг жишээ болгон дурдвал:  (Жеймс Хааны Хувилбар)  Иоаннис 3:16  “Учир нь Шүтээн дэлхийг ийн хайрласан.  Ингэхдээ цорын ганц төрсөн Хүүгээ өгсөн юм.  Энэ нь түүнд итгэдэг хэн боловч мөхөхгүй харин мөнх амьдралтай болохын тулд билээ.

Харин өөр орчуулгын хувилбаруудад яг адилхан ишлэлийг “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” гэж, мөн өөр нэг хувилбарт үүнийг, “Ертөнцийн Эзэн хүн төрөлхтөнд үнэхээр хайртай учраас ганц хүүгээ илгээсэн юм.  Учир нь, мөнхийн зовлонд орох ёстой хүмүүс хүү Есүст нь итгэвэл мөнхий амьдралд орж чадна.” хэмээн буулгасан байдаг.   Утга санааны хувьд адилхан мэт сонсогдож байгаа ч Теологийн нэг том асуудал энд хөндөгдөж байгаа юм. 

Есүс бол Шүтээний Ариун Сүнсний оролцоотойгоор эхийн хэвлийгээс мэндэлсэн, цорын ганц төрсөн хүү нь.  Тийм ч учраас Жеймс Хааны гэгддэг хувилбар дээр “begotten” буюу “төрсөн” гэдэг үгийг хадгалж буулгасан байдаг.  Тэрбээр энэ орчлон дэлхийн суурь бий болохоос ч өмнө Шүтээн Эцэгтэйгээ хамт оршин байсан.  Үүнийг бид Есүсийн Шүтээн Эцэг рүүгээ хандан өргөсөн гуйлтаас харж болно.  Иоаннис 17:5 “Тэгээд одоо, Аав аа, дэлхий байхаас өмнө тантай хамт надад байсан тэрхүү яруу алдраар та намайг өөртэйгөө хамт алдаршуулаач.

Библи ёсоор бол Есүст итгэж аврагдсан хүн болгон Шүтээний хүүхэд болж, Шүтээний гэр бүлд шинээр мэндэлдэг.  Тийм ч учраас 1 Иоаннис 3:1 дээр, “Ажигтун, бид Шүтээний хүүхдүүд гэж дуудагдахаар ямар агуу хайрыг Эцэг бидэнд соёрхоо вэ...” гэсэн байдаг.

Иоаннис 3:16-р ишлэлээс “төрсөн” гэдэг үгийг хассанаар Есүсээс бусад нь Шүтээний хүүхэд биш гэдэг утга илэрхийлэгдэж болзошгүй аюул байна.  Гэтэл Библи бидэнд юу гэж хэлдэг билээ?  Цорын ганц төрсөн хайртай хүү Есүст нь итгэсэн хүн бүр Шүтээний хүүхэд болдог бөгөөд тэр хүүхдүүдийнх нь дунд Есүс ууган нь байх болно гэж ойлгуулдаг. 

Ромчуудад 8:14-18 “Яагаад гэвэл Шүтээний Сүнсээр хөтлүүлдэг болгон, тэд бол Шүтээний хөвгүүд юм.  Учир нь айдас руу дахиад хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй.  Харин үрчлэлийн Сүнсийг хүлээн авсан.  Түүгээр бид, Аав, Эцэг гэж хашгирдаг.  Бид бол Шүтээний хүүхдүүд гэдгийг Сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.  Улмаар хүүхдүүд нь юм бол бас өв залгамжлагдчид буюу Шүтээний өв залгамжлагчид бас Христтэй хамтран өв залгамжлагчид мөн...”

Ромчуудад 8:28, 29 “Улмаар бүх зүйл Шүтээнийг хайрлагсдын, түүний зорилгын дагуу дуудагдагсад болсон тэдний сайны төлөө хамтдаа ажилладаг гэдгийг бид мэддэг.  Яагаад гэвэл тэр тэднийг урьдаас мэдэж байсан.  Хүү нь олон ахан дүүсийн дунд ууган нь байхын тулд тэрбээр тэднийг түүний дүр төрхтэй адил болгохоор бас урьдаас шийдсэн байжээ.” 

Сүнсээрээ хөтлүүлэн хэлүүлсэн Шүтээний үгийг тэр чигээр нь үгчлэн буулгах нь хэр зэрэг чухал болохыг нэг л жишээгээр энд харууллаа.  Өөр олон зүйлээр жишээ авч болох ч эндээс гаргаж хэлэх гэсэн хамгийн гол санаа бол, Шүтээний үг та бидний гар дээр, цэврээрээ, ямар нэг нэмэлт хасалтгүй, анхлан хэлэгдсэн тэр л байдлаараа байх нь чухал.  Тэгвэл бид төлөөлөгч Пээтросын хэлсэнчлэн “Үгийн цэвэр сүүгээр” бойжиж, Шүтээний үгийн талаарх мэдлэг болон Христ дэх итгэлдээ улам илүү өсөх болно.