1. Есүс өөрт нь итгэдэг хүнийг хайрладаг шиг бид нэг нэгнээ хайрлах нь биднийг түүний шавь болохыг илчлэн харуулдаг бөгөөд Шүтээнд зориулсан бидний хайрыг баталж бас Шинэ Гэрээний Чуулганууд байх бидний эрх мэдлийг бэлэгддэг гэдэгт бид бат итгэдэг. Тиймээс хайр бол бусад бүх зүйл хамаардаг ЭЗЭН Есүс Христийн агуу тушаал юм (Маттаиос 22:35-40; Иоаннис13:34-35; 15:12; 1Иоаннис 4:7-21; 5:1-3; Илчлэлт 2:4, 5).


  2. Библи бол бүхэлдээ ямар ч алдаа мадаггүй бөгөөд амаар хүмүүний санаанд оруулан бичигдсэн гэдэгт бас Библи бол бидний итгэл ба амьдралын бүрэн дүүрэн заавар чиглэл гэдэгт бид бат итгэдэг (Дуулал119:160; 2Тимот 3:16, 17).



  3. Бид Шүтээний гурван хувийн мөн чанарт итгэдэг: Эцэг, Хүү ба Ариун Сүнс нь Шүтээний төгс мөн чанарыг илэрхийлдэг бөгөөд хоорондоо ижил тэнцүү (Маттаиос 28:19).



  4. Бид Эхлэл номонд буй Бүтээлийн тухай түүхэнд бат итгэдэг (Эхлэл 1, 2).



  5. Сатаан бол гэмд унасан элч, Шүтээн ба хүн хоёрын гол дайсан, энэ дэлхийн бузар шүтээн бөгөөд түүний хүртэх хувь нь мөнхийн галт нуур гэдэгт бид бат итгэдэг (Исаиа 14:12-15; Езекиел 28:11-19; Маттаиос 25:41; 2Коринт 4:4; Ефес 6:10-17; Илчлэлт 20:10 ).



  6. Бид Есүс Христийн онгон эмэгтэйгээс төрсөн төрөлт болон огт гэмгүй хүмүүн чанарт нь бат итгэдэг (Маттаиос 1:18-20; 2Коринт 5:21; 1Петр 2:22).



  7. Бид Есүс Христийн Шүтээн чанарт бат итгэдэг (Иоаннис 10:30; Иоаннис 1:1, 14; 2Коринт 5:19).



  8. Ариун Сүнс бол Есүс Христийн чуулганууд дахь Есүс Христийн төлөөх Шүтээний Зохицуулагч гэдэгт бид бат итгэдэг (Лукаас 24:49; Иоаннис 14:16-17; Үйлс 1:4-5, 8; 2:1-4).



  9. Гайхамшигт сүнслэг ил болгогдсон бэлгүүд нь Библи бүрэн гүйцэт болоход үгүй болсон бөгөөд Итгэл, Найдвар, Хайр гурав нь үлдсэн чухал сүнслэг бэлгүүд гэдэгт бид бат итгэдэг (1Коринт 12-14-р бүлэг).



  10. Эр хүн бол Шүтээний дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд өөрийнхөө гэмгүй байдлаас сайн дураараа үйлдсэн гэмт зөрчлөөрөө уналтанд орох хүртлээ гэм зэмгүй байдлаа хадгалсан бас энэхүү уналтанд орсны үр дүнд бүх хүн төрөлхтөн гэмтнүүд болсон гэдэгт бид бат итгэдэг (Эхлэл 1:26; 3:6-24; Ром 5:12, 19).



  11. Бид Есүс Христийн зовлон шаналал ба үхэл нь бүх хүн төрөлхтний өмнөөс, тэдний оронд байсан гэдэгт бат итгэдэг. Гэвч энэ нь зөвхөн итгэдэг хүмүүст л бодит байдлаар хамаарна (Исаиа 53:6; Еврей 2:9; 1Петр 2:24; 1Петр 3:18; 2Петр 3:9; 1Иоаннис 2:2).



  12. Бид Христийн биетээр дахин босгогдсонд бас дээш хөөрөн гарсанд болон түүний ариун хүмүүсийн дахин босгогдолтонд бат итгэдэг (Маттаиос 28:1-7; Үйлс 1:9-11; 1Коринт 15:42-58; 1Тесалоник 4:13-18).



  13. Бид Жүүд бусчуудын үеийн хамгийн оргил үйл явдал болох Христийн мянган жилийн эхлэлийн өмнөх хувьчилсан, биет эргэн ирэлтэнд бат итгэдэг. Энэ үйл явдалд зөв хүмүүсийн мөнхийн улс руу дахин босгогдох үйл явдал багтана. Улмаар мянган жилийн дараа зөв бус хүмүүс галт нууранд мөнхийн шийтгэл рүү орж, зөв хүмүүс тэнгэрийн үе рүү орно (Иоаннис 14:1-6; 1Тесалоник 4:13-18; 2Тесалоник 2:8; Илчлэлт 19; 20:4-6; 20:11-15; 21:8).



  14. Гажиж завхарсан гэмт хүн зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан энэрэлээр бүрэн аврагддаг бөгөөд дахин шинэчлэгдэхэд Шүтээн рүү гэмшин эргэх эргэлт мөн Эзэн Есүс Христэд итгэх итгэл шаардлагатай (Лукаас 13:3-5; Иоаннис 3:16-18; Үйлс 20:21; Ром 6:23; Ефес 2:8, 9) бөгөөд Ариун Сүнс гэмтнүүдийг итгүүлэн үнэмшүүлж, дахин шинэчилж, тамгалж, аюулгүй болгон, итгэгч бүрт оршдог гэдэгт бид бат итгэдэг (Иоаннис 3:6; Иоаннис 16:8, 9; Ром 8:9-11; 1Коринт 6:19, 20; Ефес 4:30; Тит 3:5).



  15. Авралын төлөө Есүс Христэд бат найддаг бүх хүн түүний дотор мөнхөд аюулгүй байх бөгөөд огт мөхөхгүй гэдэгт бид бат итгэдэг (Иоаннис 3:36; Иоаннис 5:24; Иоаннис 10:27-30; Ром 8:35-39; Еврей 10:39; 1Петр 1:5).



  16. Шүтээн итгэгчидтэй өөрийн хүүхэд адил харьцан, дуулгаваргүйд нь сахилгажуулах арга хэмжээ авч, дуулгавартайг нь шагнадаг гэдэгт бид бат итгэдэг (Маттаиос 16:27; Маттаиос 25:14-23; Иоаннис 1:12; Еврей 12:5-11; 2Иоаннис 8; Илчлэлт 22:12).



  17. Есүс Христ энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ үеэр өөрийнхөө чуулганыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь үргэлж тухайн орон нутагт байрлалтай, Эзэн Есүс Христийн үүрэг даалгаварыг гүйцэтгэхээр гэрээнд нэгдсэн, библийн дагуу баптизм хийлгэсэн итгэгчдийн ил харагддаг нэгдсэн цуглаан бөгөөд чуулган бүр биеэ даасан, өөрийгөө удирддаг бие бүрэлдэхүүн бөгөөд үүний дээр эрх мэдлээ хэрэгжүүлэх ямар нэг өөр энэ дэлхийн бие бүрэлдэхүүн байхгүй гэдэгт бид итгэдэг. Мөн Есүс Христ зөвхөн өөрийнхөө Шинэ Гэрээний чуулгануудад л Агуу Даалгаварыг өгсөн бөгөөд тэрбээр чуулганууд нь үргэлж оршин тогтнох болно гэдгийг амласанд бид итгэдэг (Маттаиос 4:18-22; 16:18; 28:19, 20; Мааркос 1:14-20; Иоаннис 1:35-51; Ефес 3:21).



  18. Эзэний чуулгануудад Баптизм ба Эзэний зоог гэсэн Эзэн Есүсийн хийсэн ажлуудыг биетээр дүрслэн харуулах хоёр захирамж өгөгдсөн гэдэгт бид итгэдэг. Библийн дагуу баптизм бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр, Шинэ Гэрээний чуулганы эрх мэдлээр зохион байгуулагддаг бөгөөд аврагдсан буюу гэмээ гэмшин Эзэн рүү эргэсэн итгэгчдийг усан дотор булхуулан гаргаж ирэх үйлдэл юм. Эзэний зоог бол дурсан санах захирамж бөгөөд үүнийг гүйцэтгэхэд зөвхөн тухайн чуулганы гишүүн л оролцохоор хязгаарлагдсан байдаг (Маттаиос 28:19, 20; Үйлс 8:12, 38; Ром 6:4; 1Коринт 5:11-13; 1Коринт 11:1, 2, 17-20, 26).



  19. Чуулганд Тит болон 1Тимот номонд байдаг шаардлагуудыг хангасан эрчүүдээр гүйцэтгэгддэг, дээрээс томилогдсон хоёр албан тушаал байдаг бөгөөд эдгээр нь пасторууд ба дийконууд гэдэгт бид бат итгэдэг.



  20. Бүх төрлийн холбоо ба нөхөрлөл мөн зөвлөлүүд нь чуулгануудын үйлчлэгчид байх бөгөөд тэдгээрийн хяналт дор байх нь зөв гэдэгт бид бат итгэдэг (Маттаиос 20:25-28).



  21. Бид засаг төрийн ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр итгэл бишрэлээ илэрхийлэх эрх чөлөөтэй гэдэгт бат итгэдэг бөгөөд иргэний засаг төрийн хууль, тогтоомжууд нь Ариун Сургаалуудын эсрэг л биш бол бид дуулгавартай дагах ёстойг бидний итгэл харуулдаг (Ром 13:1-7; 1Петр 2:13-15).